Шууд Chart

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ

2016-12-27 15:06:47

Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Эдийн Засгийн байнгын хороо хуралдаж харьяа байгууллагынхаа үйл ажиллагааны талаархи ээжлит мэдээллийг сонссон юм. Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ “УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар заасан. Манай байгууллагын орон тооны хязгаарыг 55-аар батласан. Үндэсний хөгжлийн газар нь байгуулагдаад удаагүй ч, “Тогтвортой хөгжлийн форум 2016”, “Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтууд”-ыг хийсэн талаараа дурдсан юм.

Үндэсний хөгжлийн газлын дарга Б.Баярсайхан, Манай газраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн, үүнд эрх зүйн орчин яаж нөлөөлсөн асуудлыг тогтоох ажлыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн бодлогын алдааг засч залруулна. Мөн хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах тал дээр ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд ЗГХЭГ-ын бүтцэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулан ажиллуулна. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх шинэ бүтцийг бүрдүүлэх талаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаагаа танилцуулгын үеэр онцлов.

Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт 72.5, худалдаа нийтийн хоол 17.8 хувьтай байгаа аж. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь дэлхийн түүхий эдийн ханш, Засгийн газрын тогтворгүй байдал, бодлогын тогтворгүй байдал, сөрөг мэдээ, бусад шалтгаантай холбоотой гэдгийг танилцуулгад дурдсан юм.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Өнөөдрийн байдлаар концессын гэрээ байгуулсан 47 төсөл байгаа бөгөөд нийт өртөг нь 12.6 их наяд төгрөг байгаа. Үүнээс гэрээ хүчин төгөлдөр болсон 18, гэрээ хүчин төгөлдөр болоогүй 29 төсөл байгаа. Эдгээр 47 төсөлд барих шилжүүлэх 36 төслийн нийт өртөг нь 1.8 их наяд төгрөг, барих ашиглах шилжүүлэх 11 төслийн нийт өртөг 10.8 их наяд байгаа юм. Энэхүү концессын гэрээ байгуулсан төслүүдийг салбараар авч үзвэл авто зам 15, төмөр зам 2, боловсрол 18, эрчим хүч 4, дэд бүтцийн бусад 7 байгаа гэдгийг онцолж байлаа.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, С.Чинзориг, Д.Дамба-Очир, Д.Сумьяабазар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд ирэх хавар гэхэд хөдөлгөхөд бэлэн болсон хэдэн төсөл байгааг, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь хийгдсэн эсэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого байгаа юу, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар илүүтэй сонирхсон юм.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Иймд бид салбарын яамдуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй 10-аад төсөл хөтөлбөр ирсэн байгаа ч долоогийн ТЭЗҮ нь байхгүй байна. Иймд бид олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч ТЭЗҮ дээр ажиллахад улсын төсөвт санхүүжилт тусгагдаагүй нь асуудал болоод байна. Мөн төсөл хөтөлбөрүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах судлагааг хийж байна. Энэ судлагааг хийхээр аль төслийг нь түрүүлж эхлүүлэх, алийг нь хойш татах, хэрэгжүүлэх шаардлагагүй зэрэг нь тодорхой болно. Түүнчлэн Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамруулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого гаргахаар ажиллаж байна. Ингэснээр аль бүс нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь оновчтой болж, ажлын байр ч бодитойгоор нэмэгдэнэ гэж хариулж байлаа.

Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний хөгжлийн газрынханд нэн яаралтай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар  4-5 төсөл оруулж ирэх, өнгөрсөн хугацаанд батлагдсан 300 гаруй хөгжлийн баримт бичгүүдийг цэгцлэх зэргээр үүрэг даалгавар, чиглэл өгсөн юм.


Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл хийлээ  
Үзсэн: 2256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй