Шууд Chart

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдав

2016-12-27 19:04:54

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.12.27/ хамтарсан хуралдааны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдсан юм. Энэ өдрийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан, нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулан, шүүх засаглалын өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор саналуудыг хэллээ.

Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны долдугаар сарын 08-ны өдөр баталж,   2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчлийн төрөл, тэдгээрт оногдуулах захиргааны шийтгэлийг нарийвчлан зохицуулсан. Тус хуулийн дээр зарим тодорхойгүй зохицуулалтын улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4956 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй, үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4076 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй буюу үлдэгдэл 880  зөрчлийг шалган шийдвэрлэх боломжгүй, ямар нэг шийтгэл ногдуулаагүй байгааг танилцуулгадаа дурдав.     

Иймд дээрх хуулийн зөрчлийг арилгах үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар зөрчилд ногдуулах хариуцлага оновчтой, хуулийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байсан юм. Хуулийн төслийн талаар илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон гэдгийг салбарын сайд танилцуулав.  Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 60 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Мөн тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус тогтоолын төсөлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын зургаан байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд санал, дүгнэлт хүргүүлсэн бөгөөд санал дүгнэлтүүдийг хуралдаанд оролцогчдод танилцуулан, Байнгын хороодоос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дутуу байгаа учир Байнгын  хорооны дарга Ш.Раднаасэд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдав  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй