
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдааны төгсгөлд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийн асуудлыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавинзургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурорын орлогчоор Баяраагийн Амгаланбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Б.Амгаланбаатар нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль төгсөж баклавар, 2008 онд Монголын Үндэсний дээд сургуульд суралцаж эрх зүйн магистр, 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академи төгсөж удирдлагын менежер цол, боловсрол тус тус эзэмшжээ. Тэрээр 1993-2002 онд Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2002-2007 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2008 онд Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, 2012 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн прокуророор ажиллажээ. Б.Амгаланбаатар нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан талаар танилцуулгад онцолсон юм.
Танилцуулгатай холбогдуулан болон нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй бөгөөд уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар тогтов.
Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэв | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.