
УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Ц.Гарамжав нар асуулт асууж тодруулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт авав. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон байгаа. Үүнтэй холбогдож Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн.
Иймээс Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарч байгаа. Энэ утгаараа тогтоолд хугацаа зааж өр, авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг хувийн компанидын өр авлагыг хаах гэж байгаа мэтээр ойлгож болохгүй, тийм асуудал огт байхгүй” гэдгийг тодотголоо. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, холбогдох асуудлыг судалж шалгаж байгаа. Удахгүй дүгнэлтээ гаргаж танилцуулна” гэдгийг хэллээ.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/ Ж.Эрдэнэбат/-д даалгасугай” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив.
Мөн төслийн 2 дахь хэсгийн “үнэт цаасаар нэмэгдүүлэх” гэснийг “үнэт цаас гаргаж нэмэгдүүлэх” гэж, төслийн 3 дахь хэсгийн “аудит хийж дүгнэлт гаргах” гэснийг “аудит хийх” гэж тус тус өөрчлөн найруулахыг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тогтоолын төслийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаасаар нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар заасныг “500 сая” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Байнгын хороо дэмжээгүй аж. Байнгын хорооны энэ саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь дэмжсэн юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хөгжлийн банкны талаархи тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.