
УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн танилцуулгыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хийлээ.
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Гочоогийн Банзрагч нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1985-1995 онд нийслэлийн 43 дугаар дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр 1999-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд, 2002-2003 онд ХБНГУ-ын Байротын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2006 онд Байротын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2001 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхмийн багш, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа аж.
Харин нэр дэвшигч Бямбын Мөнхтуяа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970-1980 Булган аймгийн Булган сумын дунд сургууль, 1981-1986 ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, 1996 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1986-1988 онд Булган аймгийн прокурорын газарт дадлагажигч ажилтан, 1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст хууль тогтоомжийн фондын бүрдүүлэгч, 1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүгч, 1991-1992 онд Найрамдлын районы Ардын шүүхийн шүүгч, 1992-1993 онд Ажилчны районы шүүгч, 1993-2006 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2011 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014 оны 6 дугаар сараас өнөөг хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж танилцсан талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Ундармаа, С.Чинзориг, Л.Болд, Г.Занданшатар, М.Билэгт, Л.Болд нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа хэлсэн юм.
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилох хуулийн заалттай. Иймээс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг Улсын Их Хуралд танилцуулсан талаархи асуудлыг Улсын Их Хурлын дарга албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах юм байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулав | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.