Шууд Chart

УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо

2016-12-28 15:14:03

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.28/ нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болсон юм. 13 цаг 40 минутад гишүүдийн 63.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн уг хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуралдааны эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн учир зарчмын зөрүүтэй саналаар санал хураахаар боллоо гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан уг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суулгах замаар эцэслэн шийдвэрлэж” гэж өөрчлөн найруулах саналын томьёолол гаргаснаа тайлбарлалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


УИХ-ын Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй