
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.
Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна. Харин “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах” тухай Улсын Их Хурлын тогтооолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох, уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан санал хэлсэн юм. Тэрбээр, Нийтийн сонсголын тухай энэ товчхон хуулийг ”амь оруулах” цаг нь болсон. Гэхдээ юм болгоноор нийтийн сонсгол хийнэ татаж аваад байж таарахгүй, иймээс ажлын хэсэг гаргаж Нийтийн сонсгол зохион багйуулах тухай журмын төслийг нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.