Шууд Chart

ЖДҮ-ийг дэмжих хуулийн төслийг хэлэлцлээ

2017-01-04 12:16:05

УИХ-ын Төсвийн Байнгын хороо өнөөдөр хуралдаж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж  дэмжлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тус тус заасныг үндэслэн  боловсруулжээ.

УИХ 2014 оны зургадугаар сарын 6-ны өдөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үйлчлэх хугацаа дууссан. Тиймээс шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор тоног төхөөрөмж импортлоход төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь үйлдвэрлэгчдэд ихээхэн дэмжлэг болдог тул жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд хуулийн хугацааг сунгах санал ирүүлжээ. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар баталснаар жижиг, дунд үйлдвэрт өрсөлдөөнийг бий болгож, экспортын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ өсөх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үед хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж Байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэнээр хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.


ЖДҮ-ийг дэмжих хуулийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй