
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Ийнхүү УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд санал, дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг олон удаа хуралдаж, холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судалж үзжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гэрээ, "Монголросцветмет” нэгдлийн тухай мөн хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны гэрээ нь УИХ-аар батлагдсан бөгөөд эдгээр гэрээг баталсан төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
Гэрээний талаарх дүгнэлтээс гадна нэр бүхий үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авсан эх үүсвэрийн талаар, төлбөр хийсэн банкуудын чадавх, цаашид үүсч болох эрсдэл, Банкны хууль тогтоомж зөрчсөн талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн ажлын хэсгээс тодорхой санал, дүгнэлт боловсруулсан бөгөөд үүнийгээ УИХд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ санал гаргав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн, ажлын хэсгийн санал, дүгнэлт болон холбогдох материалтай танилцах, судлах шаардлагын үүднээс УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авч байгааг тэрээр тайлбарласан юм. Уг саналын дагуу Байнгын хорооны дарга УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлэг "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар завсарлага авлаа | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.