Шууд Chart

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2017-01-24 14:29:40

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2017.01.24/ үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “...нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн...” хэмээн заасны дагуу төслийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол болон төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүй найруулгын шинжтэй саналуудыг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар тодруулсан юм. Мөн Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ гэсэн байдаг, гэтэл төрийн мэдлийн, төрийн үйлчилгээний, төрөөс олгож буй эрхийн асуудлаар дотоодын шүүхэд хандах эрхгүй болох эсэхийг тодруулаад, тус хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлж буй Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар тодруулсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, зөвхөн шүүхээр маргаан шийдвэрлэх байсан зохицуулалтыг энэ хуулийн төсөлд арбитраар шийдвэрлүүлэх боломжийг нээж, сонголттой болгохоор тусгасан гэдгийг тайлбарлав.

Мөн талууд маргаанаа арбитраар шийдвэрлүүлнэ гэж урьдчилсан тохирсон тохиолдолд арбитр шийдвэрлэх онцлог зохицуулалт байгааг танилцууллаа. Уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг  олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мөн тайлбарласан. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцон УИХ-ын гишүүд 75 хувийн саналаар дэмжлээ. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй