
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх танилцуулгыг холбогдох хуулийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг оролцууосан хэлэлцүүлгийг зохион байгуулсан болохыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулгадаа дурдав. Ажлын хэсэг хоёр удаагийн хуралдсан бөгөөд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэрээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор заасан байсныг өөрчилж, зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан албан тушаалтнуудад хамааруулах тухай төсөлд тусгах санал боловсруулсан байна.
Түүнчлэн дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэрээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол сонгогдсон эсхүл томилогдсон өдрөөс хойш гурван сарын дотор зохих арга хэмжээ авна хэмээн тодорхой бус байсныг өөрчилж, гадаад улсын банкинд нээсэн дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, өмчийн байдалд өөрчлөлт орсон орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх асуудлыг төсөлд тусгах, мөн төсөлд дурдагдсан албан тушаалтнууд гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хамаарахгүй байхаар төсөлд тусгасан бөгөөд дээр дурдсан тохиолдолд тухайн улсын банкинд өөрийн нэрээр данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан талаар АТГ мэдэгдэл гаргах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах санал гаргасан байна. Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол, дагалдах хуулийн төсөлтэй холбоотой нэг санал гаргасан болохыг Ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар зарим зүйлийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Цаашид офшор данстай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, бусад улс орны жишгийн дагуу татварын системтэй уялдуулан зохицуулах, мөн “гадаад улс орон” хэмээн хавтгайруулахгүйгээр Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкнаас гаргасан жагсаалтад тулгуурлаад ч юм уу офшор бүсийг тодорхойлох зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан, энэ хуулийн төслөөр 300 гаруй албан тушаалтан АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийнхэн нь мөн хөрөнгө орлогоо мэдүүлж, ил болгох бөгөөд үүн дээр өөрийн зүгээс анхаарч, хяналт тавих болно гэдгээ хэлсэн юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж өндөрлөлөө | ||
Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.