
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүдийг төлөөлөн үг хэлж, уг хуулийн төсөл нь Үндсэн болон бусад хуулийн заалттай харшилж байгаа, хуульд нэмэлт оруулах гэж буй заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн агуулгатай байгаа, мөн энэ өөрчлөлт нь төрийн захиргааны албан тушаалд улс төрийн албан тушаалтнууд орж ажиллахад хүргэж мэдэхээр байгаа тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 10.5-д заасан иргэдийн Хурлын төлөөлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллахыг хориглоно” гэсэн агуулгатай 10.6 дахь заалтыг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Мөн тэрбээр уг хуулийн 2 дугаар зүйлийн хасч, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх санал гаргасан нь дэмжигдлээ.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.
Хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.