Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

2017-01-24 18:14:49
Error loading player: No playable sources found

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Монгол Улсын иргэн... шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” болохыг тунхаглаж, ард түмнээс засаг төрөө байгуулж тохинуулах, иргэдээс төрийн үйл ажиллагаанд оролцох улс төрийн эрхийг баталгаажуулсан. Энэ эрхийг мөн Иргэний болон улс төрийн эрхийн пактад баталгаажуулсан байдаг. Түүнчлэн иргэдээс төрийн үйл хэрэгт хэрхэн оролцох, нөлөөлөх талаар Үндсэн хуульд “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна”, “сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” хэмээн тодорхойлсон байна.

Гэвч хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах, санал асуулга явуулах зэрэг арга хэрэгсэл нь хууль зүйн хувьд хангалттай зохицуулагдаагүй, иргэд болон төрийн байгууллага, албан тушаалтны хоорондын харилцааг нарийвчлан тодорхойлоогүйн улмаас иргэд бодитойгоор төрийн үйл хэрэгт нөлөөлөх, оролцоогоо хангах, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрэн хангагдаагүй явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд иргэд, байгууллагуудаас хуулийн төслийн тухай саналаа уламжлах харилцаанд хамаарах иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг, сонсгол хийх тухай хууль тогтоомжийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 105 хуульд иргэний оролцооны хэлбэрүүд болох төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч хуулийн зохицуулалтууд нь харилцан адилгүй, нэгдмэл бус, уялдаагүй байгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэсэн байна.

Иймээс иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, УИХ-ын болон өөрийн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах асуудлыг хуульчлан зохицуулахаар Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төслийг анхдагч төслийн хэлбэрээр боловсруулах агаад нийт 7 бүлэгтэй юм. Хуулийн төсөлд сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хамтран хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар, сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар тусгажээ. Мөн хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлахаар санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах, шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулсан байна. Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх, Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцож, олонхи нь дэмжсэн тохиолдолд шийдвэрлэгдсэн гэж үзэхээр тусгасан байна.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх уг хуулийн төслийг Австрали, АНУ-ын Калифорни муж, Беларусь, Казакстан, Киргизстан, Косово, Латви, Литва, ОХУ, ХБНГУ-ын Доод саксон муж, Швейцарь, Эстони зэрэг улсын ард нийтийн санал асуулгын талаархи хууль тогтоомжийг харьцуулан судалж, мөн олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаа, үнэлгээнд тулгуурлан боловсруулсан. Мөн хуулийн төсөл дээр батлагдсан арга зүйн дагуу үр нөлөөний үнэлгээ болон Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээг шинжээчдийн багаар хийлгэж, санал дүгнэлтийг тусгасан.

Хуулийн төслийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаар нийт 31 удаа хэлэлцүүлж, 1700 орчим хүн оролцсон бөгөөд нийт агуулгын хувьд багцалбал 200 зарчмын болон найруулгын санал гарсныг ажлын хэсгээс төсөлд тусган сайжруулж боловсруулсан гэдгийг дурдлаа.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж байна, гэхдээ энэ хуулийн төсөл нь маш том асуудлыг хөндсөн, шинэ Үндсэн хуулиас хойш иргэдийн улс төрийн эрхийг улам бататган баталгаажуулахад чиглэсэн сайн талтай хэдий ч хэрэгжилт нь ямар байх бол гэдэгт итгэл үнэмшил төдий л сайнгүй байна. Иймээс төслийг заалт нэг бүрээр нь ярилцаж, тун болгоомжтой, ихээхэн нухацтай хандах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.


Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй