Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв

2017-01-25 16:47:19

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөчрлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

Салбарын сайд танилцуулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн гэдгийг онцлов.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог ажээ.

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон байна.

Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг дурджээ.

Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, мөн зүйлийн 8.5-д тус тус заасны дагуу Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Энэхүү газар нутгийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг шинээр хамгаалалтын захиргаа байгуулахгүйгээр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан Дэлхийн өвийн газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Д.Оюунхорол сайд онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат нар асуулт асуулж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөчрлөх нь цаг үеэ олсон асуудал мөн үү, зайлшгүй шаардлагатай эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч бас дэмжээд олон арван эрдэмтэн судлаачдын таван жилийн уйгагүй хүчин чармайлтаар бид Бурхан Халдун уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Дэлхийн өвийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс газрын зурагт тэмдэглэгдээгүй Бурхан халдун уулыг тэмдэглүүлэхийн тулд Хэнтий хан гэдэг нэрийг өөрчлөх шаардлагатай байна гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэ ажлыг бид 10 жилийн өмнөөс хөөцөлдсөн. Хан Хэнтий нурууны их, бага хэнтий гэж бий. Бага Хэнтий нурууны оргилыг бид Асралт хайрхан гэж нэрлэдэг. Их Хэнтий нурууны оргилыг монголчууд эртнээс Бурхан халдун гэж нэрлэж ирсэн. ЗХУ-д хуучнаар монголын газрын зургийг хийлгэхдээ Бурхан халдун уулын нэрийг тавилгүй  Хэнтий хан уул гэж тавьсан байдаг. Тэрнээс биш Хан Хэнтий нурууны нэршлийг тэр чигээр нь өөрчлөхгүй, нэг оргилынх нь нэрийг сэргээх гэсэн хэрэг гэдгийг гишүүддээ ойлгуулмаар байна гэж анхааруулж байсан юм.

Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжлээ. Тогтоолын төслийн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д хэлэлцүүлэн батлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахалж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, С.Жавхлан нар ажиллахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.


УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй