Шууд Chart

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

2017-01-25 16:54:15

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар танилцууллаа.

Ажлын хэсэг гурвантаа хуралдсан бөгөөд Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах тухай тус банкны үйл ажиллагаанд Монголбанкны тавих хяналт, хөрөнгө, өр төлбөрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах эрхийг тус банкинд олгох тухай, ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох, томилох, хараат бус гишүүдийн тоо, тэдгээрийг сонгон шалгаруулах зэрэг асуудалд илүү анхаарал хандуулан ажилласан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монголбанкнаас бичгээр санал авч, тусгах боломжтой саналуудаар зарчмын зөрүүтэй саналыг томьёолол бэлтгэжээ. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдээс гарган, олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлээд буйгаа танилцууллаа.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын төлбөрийг төлөх боломж болон хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Хөгжлийн банкны цаашдын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодруулав. Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.доллар төлөх ёстой бөгөөд Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд, албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэллээ. Бондын төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэрийг цуглуулах гурван хувилбар гаргасны хоёрыг нь ажил хэрэг болгохоор хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагатай хамтраад яриа, хэлцээр эхлүүлэн гурван сарын болсон, үлдэж буй 50 гаруй хоногийн хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэв. Эрх зүйн орчныг шинэчилснээр Хөгжлийн банк Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөт заасан төсөл хөтөлбөрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, жагсаалт гаргасны дагуу хөрөнгө оруулалт татах яриа хэлцлүүдийг хийх боломж бүрдэх юм байна. Одоогоор хийгдэж буй хэлцэлүүд амжилттай болж 85 хүртэлх хувийн санхүүжилтээ бүрдүүлж чадвал 15 хувийг нь тодорхой эх үүсвэрээр босгон ажиллах бизнес модель боловруулаад байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хариулт өгсөн юм.

Ингээд дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар горимын санал гаргав. Тэрээр хэлэлцэж буй хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж буй хуулиуд, ялангуяа Төсвийн тухай хуультай агуулга, зарчмын хувьд нэлээд зөрчилдөж байна. Хуулийн зөрчил нь Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөн ажиллаж байгаа энэ үед гэрээ хэлцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсгэхээс магадлалтай тул  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа. Горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжснээр дараагийн асуудлаа хэлэлцэхээр боллоо.


Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй