Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2017-01-25 16:58:42

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын яамнаас тодорхой ажлуудыг төлөвлөн, удирдлагаар ханган ажиллаж байгааг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих төслийн урьдчилсан судалгааг боловсруулжээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна. Тодруулбал, тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурах юм байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийсэн юм. Зүүнбаян-Ханги гэж шинэ чиглэл гаргах нь хэр оновчтойг Улсын Их Хурлын гишүүд тодруулаад үүнийгээ Сайншанд-Ханги болгон өөрчлөх боломжийг судлах, шинээр тавих төмөр замын царигийн асуудлыг нарийвчлах, бүтээн байгуулалтын санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн концессыг дэмжих, цаашлаад бодлогын баримт бичгээ цогцоор нь шинэчлэх талаар анхаарах зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тогтоолын төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.


УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй