Шууд Chart

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо

2017-01-25 17:01:25

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаанаар “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг энэ өдрийн хуралдаанаар мөн хэлэлцсэн. Салбарын сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 9.8.1-д “Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна” гэж тус тус заажээ.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын хоёр дахь хэсгийн 5 дахь заалтад “Нислэгийн хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах барилга байгууламж, онгоц хөөрөх зурвас, нийтийн хэрэгцээний аэродром” гэж зөвхөн барилга байгууламжийн хэсэг нь тусгагдсан байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Иймд олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-иор хүлээсэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх шаардлагатай хэмээн үзэж дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг хувьчилж болохгүй үндэслэлийн талаар болон бусад орны жишгийн талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн гишүүн, ИНЕГ-ын Агаарын навигацын бодлогын хэлтсийн менежер Ганболд өгсөн хариултдаа, Монгол Улсын агаарын орон зайд өдөрт тодорхой тооны нислэг тогтмол үйлдэгддэг ба нэг онгоцонд агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг. 21 аймагт байршилтай тоног төхөөрөмж, дэд бүтцийн сүлжээ бүхий эдгээрийг хувьчлах эрх зүйн орчин бүрдээгүй, агаарын орон зайн аюулгүй ажиллагааг хангах дүрэм, журмууд бүгд хуульчлагдсан байдаг. Бусад орон, тэр дундаа хөрш орнуудын энэ төрлийн дэд бүтэц нь төрийн өмч байдаг. Өнөөдрийн байдлаар зөвхөн Герман, Тайландад энэ төрлийн дэд бүтцийг хувьчилсан байдгийг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар санал хэлэв.

ИНЕГ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээс гадна Монгол Улсын иргэдийн өмнө үүрэг хүлээж, эрх ашгийг хамгаалах ёстойг гишүүд онцолж байв. Эдийн засгийн ач холбогдолтой чухал салбар болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ИНЕГ чухал үүрэгтэй байхад чиглэлийн нислэгүүдийн хуваарилалтыг давхардуулдаг. Газар зүйн байрлалын онцлогоос шалтгаалан Монгол Улсад зорчих хамгийн боломжит хувилбар нь онгоцоор нисэх байдаг ч өртөг нь бусад улсынхаас хэт өндөр байдаг. Улс орон, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ийм байдалтай гүйцэтгэдэг атлаа олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг байдлаар ажилдаа хандаж байгааг байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Цаашид иргэдэд ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй үйлчилгээг нэвтрүүлэх санал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих хөтөлбөрийн төсөл зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа зэрэг санал хэлсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, салбарын сайд чөлөөтэй байгаа, харин байнгын хорооны хуралдаанаар сонсох өнөөдрийн мэдээллийн сэдэв тун чухал, тодруулах олон асуудал байгаа учир хойшлуулах горимын санал гаргав. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75  хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа.


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй