Шууд Chart

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2017-01-31 13:14:18

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа ажлын хэсэг нь хуралдаж амжаагүй учир Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулсныг мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал оруулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 нь уг горимын саналыг дэмжив.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол холбогдох ажлын хэсгийн хамт оролцов.

Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуусан юм. Үүний дараа Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэрийг, Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нарын хувьд уулынхаа нэрийг өөрчилсний дараа Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын Хэнтий Хаан уул, Hetii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэснийг Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэж өөрчилсүгэй гэсэн саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй