
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгасан юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн 2 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувиар дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй өөр саналын томьёолол ирүүлээгүй тул хуулийн төслийн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан билээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэдэн төгрөг орж ирэхийг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох хэрэгтэйг анхааруулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, “Одоогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 1590 орчим санал, 150 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байгаа. 2017 онд 20 орчим тэрбум төгрөг орж ирэх хэдий ч зээлийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Бидний хувьд хуулийн төсөлд өөрчлөлт оруулсны дараа хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох талаархи асуудлыг судлаж шийдвэрлэнэ. Ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэж хариулсан юм.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
Үүний дараа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар Г.Тэмүүлэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.