Шууд Chart

Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив

2017-02-07 16:03:21

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаан 09 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.

Уг  хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Засгийн газраас  2016 оны 12 дугаар сарын 22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая  хүртэлх еврогийн зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгохор болжээ. Энэхүү зээлийг Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100 хувь санхүүжүүлэхэд ашиглах аж. Монгол Улсын Засгийн газар нь Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газарт зээлийн ашиглалт бүрийн эргэн төлөлтийг үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 5 жилийн хугацаа дууссаны дараагаар  жилд 2 удаа еврогоор ашиглалт гарсан өдрөөс тооцож хийх аж. Зээл нь жилийн 0.15 хувийн хүүтэй  юм байна.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нар ажлын хэсгийн хамт оролцсон юм. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ. Ингээд  Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүд 100 хувь дэмжсэн юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй