Шууд Chart

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ

2017-02-07 16:06:30

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаанаар Засгийн газраас  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ.

Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулдаг билээ. Мөн Дэлхийн банкны зарим гишүүн орнууд тус банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг багцлан үр дүнтэй, түргэн шуурхай батлуулах, хэрэгжүүлэх зорилгоор “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулдаг туршлага байдаг аж.
 
Энэ хүрээнд Дэлхийн банкны холбогдох удирдлагууд, хуульчидтай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ.  Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгагдсан байна. 
 
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг  санхүүжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их  Хурлын гишүүн Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Зээлийн зарцуулалт, төслийн техник эдийн засгийн үндэслэл тодорхой байх ёстой. Зээлийн үр өгөөж, эдийн засгийн бодитой өсөлтийг дэмжсэн байхад чиглэгдэх шаардлагатай. Энэ тал дээр Засгийн газар анхаармаар байна” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг өрийн дарамттай хүнд байхад Засгийн газар авч байгаа зээлийнхээ үр өгөөжийг нь нэн тэргүүн бодмоор байна. Өрийн дарамтад байгаа энэ цаг үед эдийн засагтаа бодитой, үр өгөөж өгсөн зээл мөн үү гэдгээ тооцох шаардлагатай. Хийж бүтээсэн нь тодорхой бус зээлүүдийг зогсоох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлэв.
 
Ингээд  Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. 
 

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй