Шууд Chart

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

2017-02-07 16:11:21

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа.  Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар Олон улсын валютын сан болон холбогдох хуультай нийцсэн эсэх талаар тодруулга хийх хүртэл уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Уг гормын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хуралдааны эцэст “Чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн Үндэсний Аудитын газрын нийцлийн аудитын тайланг байнгын хорооны өмнөх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Энэ дагуу тус байнгын хорооноос Засгийн газарт "Чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг боловсруулсан аж.

Байнгын хорооны тогтоолын төсөлд  улсын төсвийн нэгдмэл байдлыг хангах, тусгай сангуудын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, үр дүнг дээшлүүлэх, хооорондын уялдаа холбоог сайжруулах, давхардлыг арилгах, сангуудын зохицуулалтыг нэг хуулиар зохицуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр тусгажээ.

Мөн тусгай сангийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулаагүй, санхүүгийн эх үүсвэрийг хуулиар тодорхойлсон заалт бүрээр бүрдүүлээгүй, сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцохоор тусгасан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж,  УИХ-ын гишүүн  З.Нарантуяа, Ч.Улаан нар санал хэлсэн юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүн  З.Нарантуяа “Байнгын хорооны тогтоолын төсөлд Үндэсний аудитын газраас илрүүлсэн Засгийн газрын тусгай сангуудын өр, авлагыг барагдуулах саналыг тусгамаар байна” гэсэн бол  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Тусгай сангийн хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байгаа учир төсвийн хяналтыг сайжруулах тал дээр чангаруулмаар байна” гэж байлаа.

Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй