
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байгааг салбарын сайд онцлов.
Уг зээлийн хүү нь 1.25 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил) аж. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад оршино гэдгийг П.Сэргэлэн сайд танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ө.Энхтүвшин, Н.Амарзаяа, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд төсөлд хамрагдсан аймаг, сумдыг хэрхэн сонгосон, төсөл нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой үр дүнд хүрсэн эсэхийг илүүтэй тодруулж байсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төсөл маань хөдөөгийн малчдын ядуурлыг бууруулахад чиглэсэн гэж байгаа ч төслийн задаргааг харахаар үр дүн нь сайн харагдахгүй байгаа. Тиймээс бид төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хийхдээ төсвийн задаргаа дээр эргэж ярилцахаар төлөвлөсөн. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийнхантай уулзахдаа ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад төслөө чиглүүлэх бодолтой байгаа гэж хариуллаа. Ингээд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.