
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.09/ нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хуулийн төсөл дэх цагдаагийн цолны талаархи зохицуулалтуудын талаар тодруулсан юм. Харин хэлэлцэж буй хуулийн төсөлд “цолны цалин” хэмээн шинэ нэр томьёо хэрэглэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг асуув. Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг, эрсдэл өндөртэй байдаг учир Хөдөлмөрийн тухай хууль дахь цалингийн урамшуулал үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтад хамааруулахгүй байх нь зөв.
Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн зохицуулалтыг оруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 93.9 хувийн саналаар дэмжин, баталсан юм. Мөн дагалдах хуулиудыг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив.
Чуулганы нэгдсэн хуралдаан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав. Дээрх төслөөр замын хөдөлгөөний зохицуулагч гүйцэтгэх ажилтны ажилласан хугацааг нэмж тооцох буюу нэг жилийг 1.3 жилээр тооцох, Тахарын албанд ажиллаж байсан албан хаагчдын цолтой холбоотой зохицуулалтыг тусгасан аж. Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлгийн үеэр тахарын албанд ажиллаж байгаад цагдаагийн албанд шилжсэн бол ажилласан хугацааг тооцохдоо офицер ахлагчтай дүйцүүлэн авч үзэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Ингэснээр байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав | ||
Үзсэн: 2426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.