Шууд Chart

Шведийн тэмдэглэл

2013-11-05 14:17:57

МҮОНРадиогийн Урлаг соёл, уран сайхны редакцийн Ерөнхий редактор, МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Данзангийн Нямаагийн аян замын тэмдэглэлээс та бүхэнд цувралаар хүргэж байна.  

 
 Нэг
 
       Стокхольм хотын галт тэрэгний буудалруу орж явтал өөдөөс дөрвөн Монгол амар мэндийг эрэн учрав. Тэд ирээд хоёр жил гаран болж байгаа гэнэ. Ажлаасаа тарж яваад бидэнтэй таарчээ. Ер нь Шведэд 4ООО гаруй Монголчууд ажиллаж амьдардаг байна. Нутгийн ааруул амсуулж , Монголынхоо сонин сайхнаас дуулгаж зогстол, ойрхон дэлгүүрлүү явсан яруу найрагч Х.Чилаажав Банзрагчийн Энхтуаятай тааралдлаа. П.Баярсайхан та хоёрыг яваа гэсэн чинь бөөн баяр болж байна, одоо ирнэ гэсэн шүү гэв. Бид МУИС-ийн нэгэн дугуйланхан бөгөөд эрдэмтэн зохиолч С.Дуламын шавь нар билээ. Тэр нэгэн цагт Б.Энхтуяа бээр залуухан багш,мөн л идэрхэн шүлэгч би-вээр түүний хичээлд уригдаж, шавь нарт нь шүлгээ уншиж , анхны номынхоо нэрийг шившин хэлэлцэж явсан минь саяхан шиг атал хорь гаран жил дүүлэнхэн одсон байна. Харин бадрангуй залуу нас минь намайг энд, Швед хэмээх хөгжил дэвшлийн цогцлол болсон улсын Стокхольм хотод гүйцэн ирэх учиртай байсан ажаам...
           Төдөлгүй Энхтуяа ирэв. Тэврэлдэн золголоо л... Уулзангуут нүдэнд нь нулимс цийлэгнэж ирснээ буцаад шингэчихлээ. ”Хүний нутагт хатуужиж л яваа юм байна.” гэж бодчухуй. Хайрцагтай хурууд, “Чингис” , өөрийн номноосоо гарын үсэг зурж өглөө. Надад ч бас “улаан дээвэрт байшин” –хайрцагтай чихэр, Стокхольм хотод үйлдвэрлэдэг “ ABSOLUT” архи бэлэглэв. Архи л олох гэж Энхтуяа маань жаахан саатаждээ гэдгийг би тааварлав. Яагаад гэвэл энд, энд ч юу байхав, Шведэд архи зардаг дэлгүүр тун цөөхөн Стокхольм хотод гэхэд л хоёрын зэрэг төв дэлгүүр байдаг гэж сонссон билээ. Шведчүүд архи уудаггүй ард түмэн юм. Пиво нь хүртэл алхаколгүй...Тэнд байхдаа   би нэг ч цагдаа олж хараагүй бүлгээ. Тийнхүү бид таньдаг найз нөхөд, нутаг ус, өвөл зуны тухай хөөрч ахуйд цахилгаан галт тэрэг гэрэл татуулсаар ирж зогслоо.
         Одоо Явлебург хотруу хөдлөх аж. Орж сууцгаалаа. Стокхольм хот шөнийн үзэсгэлэндээ умбажээ. Уг нь өдрийн 15 цаг л өнгөрч байгаа билээ. Шведэд өвлийн өдөр нь дэндүү богино юм. Нар 8 цагт мандаад л 15 цагт шингэчихнэ. Стокхольм хот өрнийн сонгодог хотын инээмсэглэлтэй , байшин барилга нь эртний дурсгалт загвартай, үдэш шөнөдөө элдэв гэрлэн чимэглэл, реклам зар, неон гэрлээр анивчин гялалзахгүй, дуу чимээ бага, аяс намдуу. Шинэ жил ойртсон цаг болоод тэр байсан юм билээ, айл, байгууллага, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газрууд хаалганыхаа хоёр талд лаа асаачихсан байх нь олонтаа. Үнэхээр амгалан хот ажу. Орой бүрийгээр тэнгис далайн мандлыг ширтэн алхах ч бас аятайхан шүү.
     Урин чийглэг салхи
     Далай дээгүүр сэвэлзмүй
     Улаахан дарвуул найгаж
     Бяцхан завь цайвалзмуй
 
     Яралз татсан мандалд
     Стокгольм хот гэрэлтмүй
     Ямархан нам гүм бэ
     Загас хашгичахыг сонсмуй.
 
                                                2006. 12. 12. Стокгольм.
    Галт тэрэгний цонхоор хот тосгодын гэрэл оддын гялга шиг цайвалзан тодорч, бүдгэрэн далдарч амуй. Дандаа л ой дундуур давхинам. Цагийн зүү өдрийн 16-г заамой.
Нэг харахад тэнгис далай долгилон цэнхэртэж, нэг харахад ой мод ногоорон
дуниартаж, нэг харахад цас мөсөн гялбалзсан үзэсгэлэнт Швед орноос хэд хоногийн дараа утсанд минь мессеж ирсэн нь ийм үгтэй авай. 
   “...Сайн байна уу? 15-ны дүгрэг том гэрэлт сар шиг дүүрэн төгс гэгээн сэтгэлт , Анд минь. “Захидал бүхэн хариутай” номыг чинь шимтэн тольдоод уяран цэлмэж, ухааран дурсаж, басхүү ээж, аав, дүү нарынхаа тухай бичсэнийг чинь уншаад сэтгэлийн нулимс алдуурч байв аа. Чамдаа сониноор бичнээ, Шведээс Б. Энхтуяа.
 2006. 12.26.   -46737105440-...” Мейлийг уншингуут найрагч бүсгүйг эх орноо хичнээн их санаж байгааг мэдрэнхэн сэтгэл минь гэгэлзвэй. Тэнд хэдхээн хонохдоо л доорхи шүлгийг бичиж явав шүү.
 
    Шөрөгтэй далбаа нь
    Манан хайчлах 
    Шурагтай дүр нь
    Мандал зайчлах
 
    Маалинган дарвуулт
    Усан онгоц
    Манант алсыг
    Хэзээ зорих
 
 
   Морь шигээ
   Эмээллэж унаад
   Монгол нутагруугаа
   Давхин одохсон
 
   Тэнгисийн давалгааг
   Тал шиг эвхэж
   Дээлийн хормойгоо
   Дэрвүүлэн дарцаглахсан    
                        
                           2006.12.11.
 
        ...Шведийн Олон улсын Хөгжлийн агентлагийн ивээн тэтгэлэгээр хэрэгжүүлж байгаа “ Олон нийтийн Радиог Монголын ардчилалд чухал хэрэгсэл болгон төлөвшүүлэх нь “ төслийн шугамаар бид явсан хэрэг л дээ. Энэхүү төслийг Шведийн талаас хэрэгжүүлэгч нь Шведийн радио. Харин Монгол талын хүлээн авагч нь МҮОН Радио юм. Төслийн удирдагч нь МҮОН Радиогийн захирал, доктор Б.Пүрэвдаш бүлгээ.
Бид тэнд олон танилуудтайгаа уулзсан... Танилууд гэдгийн учир нь энд, Улаанбаатарт бидэнд хичээл зааж байсан багш нараа хэлж байгаа юм. Шведэд бидний сургалт үндсэндээ үргэлжилсэн л дээ.
 
 
 
 
       Хаана эрх чөлөө байна тэнд мэтгэлцээн, санал зөрөлдөөн , мэдлэг дээр суурилсан үзэл санаа цогцлон бүрэлдэж байдаг байна. Үүнийг радио хийх ёстой гэнэ.. 
      Бүр 196О –аад АНУ-гийн ерөнхийлэгч Кеннеди “...Иргэддээ цэнзүүр тавьж байгаа улс орон ард иргэдээсээ айж байгаа хэрэг юм, бид ард иргэдийнхээ чөлөөт үзэл санаанаас хэзээ ч айхгүй...” гэж хэлж байжээ Энэ үгийг Шведийн радиогийн мэргэжил нэгт -сэтгүүлч нөхдөөсөө тэнд сонсоод, одоо энд   давтан бичиж байнам аа.
    Ер нь Засгийн газрынхаа мэдэлд дулдуйдсан радио өөрийгээ үзэл суртлын зэвсэг гэж томьёолоод олон нийтээ “сонсогч” гэж үздэг бол зах зээлд дулдуйдсан арилжааны радио олон нийтээ “хэрэглэгч” гэж   үздэг.   Тэгвэл одоо бид энэ хоёрын тэнцвэр дээр нийтлэл нэвтрүүлгээ явуулж сонсогч түмнээ “иргэн” гэж үзээд тэднийг үнэн бодитой, шударга, мэдлэг өгсөн мэдээлэлээр хангах явдлыг чухалчлах ёстой аж. Тэрчлэн явуулын студ олон нийтийн радиогийн шуурхай байдлын гол үзүүлэлт болдгийг Явлебург хотын радиотой танилцаж явахдаа бат нот итгэсэн болой. Тэднийх жижиг машинд тоноглосон хоёр ч явуулын станцтай бөгөөд сурвалжлагч бээр ганцаараа хаанаас ч шууд нэвтрүүлэг хийж болох үүргэвч бүхий явуулын станц ч бас байна билээ. Түүний нь үүрч, микрофонд нь сэтгүүлчийн догдлолоо хэлж л явлаа. Инженер бүсгүй Даваацэрэн   явуулын хоёр станцын зургийг нэг бүрчлэн задлан салгахаас арай л наахнуур зургийг нь авч байв. Бодвол, бид удахгүй яг тийм явуулын станцаар хөдөө нутгаар хөндлөн гулд давхиж явах биз ээ.  
      ...Уул шугамандаа олон нийтийн радио зөвхөн хураамжаараа л санхүүжих ёстой.Тэгж байж л хаанаас ч , хэнээс ч хараат бус байж чадна хэмээмой. Харин МҮО Н Радио маань улс орныхоо онцлогоос болоод одоогоор санхүүжилтынхээ ихэнхийг засгийн газраасаа авч байгаа билээ. Өөр арга зам одоохондоо алга. Айл өрх хэд билээ, хүн ам хэд билээ, хураамж хэд билээ... 
     Нэг сонирхолтой мэдээ сонсов, тэнд. Шведийн радиогийн нөхдүүд маань бага зэрэг сандрангуй байна билээ, учир нь саяхан байгуулагдсан шинэ засгийн газар нь санхүүжилтын тогтолцоог нь өөрчлөх санал тавьж байгаа бөгөөд , өөрөөр хэлбэл бүх хураамжийг нь засгийн газартаа төвлөрүүлж авчихаад, тэндээсээ санхүүжилтыг нь өгөх хувилбарыг ярьж байгаа гэнэ. Энэ санал Шведийн радиогийн мэргэжил нэгт андуудад маань ер таалагдахгүй байна. Хэрвээ төрөөс санхүүжээд эхлэвэл төр радиог өөрийн дураараа хазаарлан мордох болно шүү дээ гэлцэнэ лээ.Нэртэй , зартай сэтгүүлчид нь энэ хэзээ ч бүтэхгүй зүйл гэж бардамхан хэлж байв. Ардчилал хөгжсөн газар өөр шүү дээ. Хураамжаараа санхүүжсэн хэвээр байх биз дээ, Шведийн радио... Голланд улс радиогоо ингэж татвараар санхүүжээд буруудсаныг Шведүүд жишээ болгон дурдаж байна билээ. 
 
 
үргэлжлэл бий...
Нийтэлсэн: Д.Нямаа

Шведийн тэмдэглэл  
Үзсэн: 3527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-08 21:59
Тийм шүү. Энэ төсөл, сургалт Радиогийн сэтгүүлч бидэнд их зүйлийг сургасан. үүний үр шимийг сонсогчдод хүрч байгаа гэж боддогийм .
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-11-06 09:07
Сонирхолтой сайхан дурсамж уншлаа . Эгээ л өчигдөр яваад ирсэн юм болов уу гэтэл долоон жил өнгөрсөн байна шүү дээ. Аян замын тэмдэглэл сайхан байдаг даа. Манай залуучууд бас бичээсэй билээ. Хүндэтгэсэн Г.Золжаргал

Бидэнтэй нэгдээрэй