Шууд Chart

Гэр бүлийн нээлттэй харилцааг хэрхэн бий болгох вэ

2017-03-23 11:37:51

Монголын радиогийн Даваа гарагийн Тэнхлэг хөтөлбөр

“ Гэр бүлийн цаг” нэвтрүүлэг.

“Сэтгэл зүйчийн цаг”  нэвтрүүлэг  гэр бүлд тулгамдаж байгаа асуудлууд болон гэр бүлийн гишүүн бүрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг сонсогчдодоо хүргэхийг зорьдог. Долоо хоног бүрийн даваа гарагт Монголын радиогийн 1-р суваг 106.0 долгионоор 16.05 минутаас 16 цаг 55 минут хүртэл шууд нэвтэрдэг. 3 сарын 13-ны дугаарт  “Нөхрөө хүндэлж, хайрлах нь ” сэдвээр ярилцсан бол 3 сарын 20-ны дугаарт “Гэр бүлийн нээлттэй харилцааг хэрхэн бий болгох вэ?” сэдвээр “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Ганзул оролцлоо.

-Хосууд үерхэж байх хугацаандаа маш их ярилцдаг. Харин гэр бүл болоод эхнэр, нөхөртэйгээ ярихаас илүү найз нөхөдтэйгээ ярилцаж сэтгэлээ хуваалцах сонирхолтой болдгийн учир нь юу вэ?

-Хосууд анх болзож байхдаа таван мэдрэхүйгээ ашигладаг. Нэг нэгнийхээ нүд рүү хараад, гар гараа атгаад ярилцдаг. Биеийнхээ бүх хэлэмжийг зөвхөн тэр хүн рүүгээ чиглүүлдэг. Хамтдаа шинэ зүйлийг туршдаг. Энэ болгон нь харилцааг халуун дулаан болгодог. Харин гэр бүл болсны дараа хойшлуулж эхэлдэг. Дараа тэгж байгаад ярилцъя, энэ асуудлыг ярих шаардлага байхгүй гэх мэтээр хойшлуулдаг. Гэтэл энэ байдал нь даамжраад хэвшил болдог. Ингээд сүүлдээ “угаасаа л ярьдаггүй” гэсэн ойлголттой болдог. Үүний хамгийн гол шалтгаан нь асуудлаа ярилцахгүй хойшлуулдагтай холбоотой. Мөн энэ хүн ярьсан, яриагүй намайг мэдэж байгаа гэсэн бодолтой холбоотой юм. Тиймээс асуудлыг хойш тавилгүй тэр дор нь ярилцаж шийдэж байх хэрэгтэй. 

-Сонсогчдын асуултаас харахад дийлэнх эмэгтэйчүүд ярилцах сонирхолтой, харин эрчүүд үг дуу цөөнтэй, яг ямар бодолтой байгаа нь тодорхой биш байна яах вэ. Яаж нээлттэй харилцаатай болох вэ гэсэн асуулт асуудаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогтой холбоотой юу, эсвэл тухайн хүний гэр бүлдээ хандах хандлагатай холбоотой юу?

-Энэ ялгаа хүн болгонд адил биш. Гэхдээ ихэвчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог нөлөөлдөг. Эмэгтэйчүүд ярилцахдаа мэдрэмжээ ярьдаг. Өнөөдөр би гунигтай байна, эсвэл баяртай байна гэх мэтчилэн. Харин эрчүүд үзэл бодол, шийдвэрээ хуваалцдаг. Тэгэхээр эрчүүд харилцан ярилцах явцдаа шийдвэр гаргах ёстой, үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэсэн хандлагаар ханддаг. Энэ байдлаасаа болоод эхнэртэйгээ нээлттэй харилцдаггүй, мэдрэмжээ ярьдаггүй, ярьсан ч гэсэн шийдвэр гаргах шаардлагатай үед л ярилцдаг байх нь элбэг.

Гэр бүлийн зөрчилд нөлөөлж буй хүчин зүйлд мөнгө голлох байр эзэлдэг 

-Гэр бүлд үүсч байгаа зөрчлийн багагүй хувийг мөнгөний асуудал эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Эхнэр, нөхөр энэ асуудлаа яаж шийдэх вэ?

-Санхүүгийн асуудлыг шийдэхэд амаргүй, урт хугацаанд шийдэгдэнэ. Мөнгөний асуудлаас болоод зөрчил хурцдаад байвал хосууд өөр зүйлээс аз жаргал авах, мөн гэр бүлийнхээ таатай уур амьсгалыг бүрдүүлэхгүй байна гэсэг үг. Тэгэхээр тухайн эхнэр, нөхөр гэр бүл үр хүүхэддээ анхаарал тавихаас гадна өөрийгөө орхигдуулж болохгүй. Зарим сэтгэл зүйн туслалцаа авч байгаа хүмүүсийг харахад өөрийгөө мартсан байдаг. Гэр бүл үр хүүхэддээ өөртөө байгаа бүх зүйлээ зориулаад байхад үр хүүхэд гэр бүл нь өөрт нь тийм хэмжээний хайр халамж, цаг заваа зориулахгүй болохоор гомдож эхэлдэг. Энэ байдал урт хугацаанд үргэлжлэхээр ээж хүн өөрийн гэсэн найз нөхөд, орон зайгүй, өөрийн гэсэн сонирхолгүй болдог. Энэ нь зөрчил үүсгэх бас нэг шалтгаан болно. Гэр бүлд тодорхой хэмжээний дүрэм журам байх хэрэгтэй. Жишээ нь, долоо хоногт тодорхой хэмжээний цагийг хамт өнгөрөөнө, хүүхдүүддээ цаг гаргах өдөртэй байна гэх мэт. Гэр бүл болгон адил байх албагүй. Хамгийн гол нь эхнэр, нөхөр  хоорондоо ярилцаж байгаад шийдэх хэрэгтэй.

Эхнэр, нөхөр өөрсдийн гэсэн сонирхолтой байвал гэр бүлийн зөрчил тодорхой хэмжээгээр буурдаг

-Гэр бүл халуун дулаан уур амьсгалтай, нээлттэй харилцаатай байхад нөлөөлөх зүйлсийг хэлж өгөөч?

-Эрэгтэй хүн ямар нэг асуудал дээр өөрөө шийдвэр гаргахыг хүсдэг. Харин эмэгтэй хүн хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэг. Тиймээс гэр бүлийн хоёр мэдрэмжтэй байж нэгэндээ тусламж хэрэгтэй үед нь тус дэм болж, ганцаараа байх хүсэлтэй үед нь бас боломж олгох хэрэгтэй. Олон жил ханилах тусмаа нэг нэгнээ илүү сайн таньдаг. Монгол эрчүүдийн хувьд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бага. Эцэг, эх нь багаас нь  эр  хүн уйлдаггүй, эр хүн олон үгтэй байх муухай гэх зэргээр сургаж ирсэн байдаг. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ямар ч хүн зарим тохиолдолд уур бухимдал, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх хэрэгтэй. Илэрхийлэхгүй удаан хугацаанд явснаар сэтгэл зүй болоод эрүүл мэндэд нь хүртэл сөрөг нөлөө гарч ирдэг.

"Сэтгэл зүйчийн цаг" нэвтрүүлгээр энэ удаа “Гэр бүлийн нээлттэй харилцааг хэрхэн бий болгох вэ” сэдвээр ярилцлаа. “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл судлаач Б.Ганзул зочноор оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр “Гэр бүлийн гишүүдийн хоорондын хүндлэл, ойлголцол” сэдвээр ярилцах болно. Энэ нэвтрүүлгийг та бүхэн 3 сарын 27-нд Монголын радиогийн 1-р суваг 106.0  долгионоор хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Гэр бүлийн нээлттэй харилцааг хэрхэн бий болгох вэ  
Үзсэн: 3018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй