
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиматай уулзлаа. Уулзалтаар хоёр тал парламент хоорондын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа.
Т.Оошима “Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно” гэв
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай хийсэн уулзалтынхаа эхэнд ноён Т.Оошимагийн урилгаар албан ёсны айлчлал хийж буйдаа талархал илэрхийлээд, манай улсын гуравдагч хөрш Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг хэмээн онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр “Айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буй нь онцлог юм. Анх дипломат харилцаа тогтоож байсан үеийнхтэй харьцуулах юм бол хамтын ажиллагаа богино хугацаанд маш хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Хоёр орны хооронд эхлээд Иж бүрэн түншлэлийн, 1996 оноос Стратегийн түншлэлийн гэх мэтээр харилцааны түвшин байнга урагшлан дэвшиж ирлээ. Монгол Улс дахь ардчилсан шинэтгэл, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, зах зээлийн харилцаанд шилжих зорилтыг хэрэгжүүлэхэд ямагт туслан, дэмжиж ирсэн Та бүхэнд Монголын ард түмэн гүн талархалтай ханддаг” гэв.
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хоёр орны харилцаанд зөвхөн Засгийн газрын түвшний биш, Парламент хоорондын харилцаа нэн чухал. Таны айлчлал манай парламент хоорондын харилцааны хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.
Тэрбээр 2011 онд Японд тохиосон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын ард түмэн бидэнд чин сэтгэлийн тусламж үзүүлсэн. Энэ сайхан сэтгэлийн дэмжлэгийг Та Шадар сайдын хувьд зохион байгуулж байсан. Дараа нь Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Та ахалж байсан. Тиймээс манай төр засаг, ард түмэн Танд ямагт гүн хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы Засгийн газар, ард түмэн, түүний дотор Парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно гэлээ.
Ноён Т.Оошима “Би Аамори нутгийн хүн. Тэнд Монголын тамирчид “Токио-2020” олимпод оролцох бэлтгэлээ хангана гэж сонссон. Би мужийнхаа захиргаанд хандаж, Монголын тамирчдад бүх талаар туслаж, бэлтгэлээ сайн хангах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөрэй гэж захина” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжихөд хууль эрх зүйн таатай орчин чухал. Тиймээс парламентын гишүүдийг харилцан айлчлуулж туршлага, сургамжаа хуваалцах, парламент дахь бүлгүүд болон Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бидний нэг гол зорилго байх ёстой. Манай хоёр орны хооронд 2016 онд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулагдсан. Бизнес эрхлэгчдийг давхар татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэхэд Монгол Улсын Их Хурал анхаарч байгаа гэж тэмдэглэлээ.
Түүнчлэн хоёр улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярихдаа “Япон Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг манай улс байнга дэмждэг. Манай улсыг АСЕМ-д элсэхэд Японы тал дэмжиж, Зүүн Азийн хамтын ажиллагааны механизмд нэгдэхийг сайшааж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, энх тайван, тогтвортой байдал бий болгоход хамтран ажиллаж байгаад талархав.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд ноён Т.Оошимаг Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгаагаа дахин нотлов. Урилгыг талархан хүлээж авч, Монголд очихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа ноён Т.Оошима илэрхийллээ.
УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.