
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэтэй уулзлаа. Ноён Ч.Датэ 11 жилийн өмнө М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад нь Японд уулзаж байснаа тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлалын хүрээнд дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол Улс ардчиллын зарчмаар замнаж эхэлснээс хойш 26 жил өнгөрч эрх чөлөө, энх тайван, ардчиллыг эрхэмлэж, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим манай хоёр орны харилцааны үндэс суурь болсоор байна” гэж онцлон тэмдэглээд, УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын парламентын урилгаар айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын сонгосон ардчилсан шинэтгэлийг баталгаажуулах, төлөвшүүлэхэд Японы тусламж дэмжлэг чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. Тэрбээр өдгөө Монгол Улсад тохиогоод буй эдийн засаг, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад ч Япон Улс зохих хүч чармайлт гаргасныг тэмдэглэж, энэ хөтөлбөрийн хүрээнд Японоос Монголд нэн хөнгөлөлттэй санхүүгийн зээл олгохоор шийдвэрлэсэнд талархлаа илэрхийлэв.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурах гэж байгааг онцлоод, 2021 он хүртэлх хамтын ажиллагааны гол зорилт, зарчмуудыг тодорхойлох энэхүү баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл хэрэгт хоёр орны парламентууд өөрийн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй гэлээ.
Ноён Ч.Датэ манай парламентын Зөвлөхүүдийн танхим Японы хөгжлийн албан ёсны тусламжийг судлах, дүгнэлт гаргах үүрэгтэй байдаг хэмээн онцлоод “Монгол Улсыг ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш Япон Улс хамгийн том донор орон байсаар ирснийг Монголын ард түмэн сайн ойлгож, бидэнд талархаж явдгийг сонсоход таатай байна” гэлээ.
Монгол Улсын тогтвортой хөгжил, Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө эрхэм үйл хэрэгт Япон Улс хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэж байгаагаа ноён Ч.Датэ илэрхийлээд “Монголд Японд элэгсэг ханддаг, япон хэл судлагч, сонирхогчид цөөнгүй, энд ирж суралцахыг эрмэлздэг залуус олон байдаг тухай сонссон. Тэд хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны гүүр болох нь дамжиггүй юм” гэлээ.
Найрсаг харилцаа, үр ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд иргэд хоорондын болон төрийн бус байгууллагуудын хэлхээ холбоо, найрамдал нөхөрлөл нэн чухал. Японд Монголыг дэмжигч нийгэмлэг 100 гаруй байдаг гэж сонссон. Тэдний төлөөлөлтэй би өчигдөр уулзсан гэж уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд дурдаад ноён Ч.Датэг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.
УИХ-ын дарга М.Энхболд Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэтэй уулзлаа | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.