Шууд Chart

Мөрөөдөл мөшгисөн хүний наймаа

2017-04-14 10:49:22

Хүн болгонд мөрөөдөл байдаг. Тэр тусмаа ажил амьдралын гараан дээр зогсох охид бүсгүйчүүд гадаадад суралцах, ажил хийх, аялал зугаалгаар явах зэрэг өөр өөрийн дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэж яваа нь гарцаагүй. Гэтэл чиний ойр дотны хэмээн итгэж явсан хэн нэгэн чиний мөрөөдлийг уландаа гишгэж, өөрийг чинь хүний наймааны золиос болгоно гэвэл чи итгэх үү...

Итгэхээс аргагүй жишээ, баримт олон байна. Хүсэл мөрөөдлөө, амьдрах итгэлээ алдсан хохирогчдын цуваа хөвөрсөөр...

Баримт:-1 Хүний наймаанд өртөж өрөнд орсон эмэгтэй өөрийгөө аврахын тулд дотны найзаа золиослосон байна. Энэ мэт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ураг төрөл, найз нөхдийн гинжин холбоонд орсон гэж хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.

Хүний наймаа гэхээр кинон дээр гардаг шиг хар машин унасан, хэсэг бүлэг хүмүүс хэн нэгнийг барьж аваад харанхуй нүхэнд хорьдог. Тэгээд дараа нь биеийг нь үнэлүүлж, эд эрхтнийг зардаг гэсэн төсөөлөл иргэдийн дунд байдаг. Гэтэл хүний наймаа  ихэвчлэн хэн нэгний найз нөхөд, хол, ойрын хамаатан садны хүрээллээр дамждаг болсон гэж Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын тэргүүн Ганбаясгах хэллээ.

Хүний наймаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг болохоор үйлдэх арга нь цаг үеэ дагаад байнга өөрчлөгдөж байдаг маш мэдрэмтгий. Олон талын оролцоотой үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, тэнд олон талын мэргэжилтнүүд ажиллаж байна гэсэн үг. Хэн дагуулж явах, ямар тээврийн хэрэгсэл ашиглахыг нэг нь зохицуулж байхад нөгөө талд нь бичиг баримтыг нь бүрдүүлдэг, цаад талд нь элсүүлж аваад биеийг нь үнэлүүлж ашиг олж байгаа нь тусдаа. Энэчлэн маш олон хүний оролцоотой гэмт хэрэг учраас зохион байгуулалттай гэж хэлээд байгаа юм. Өмнө нь бол өндөр царайлаг охидыг ажилд авна, массажист ажилд авна ч гэдэг юм уу, хэвлэл мэдээллийн заруудаар байдаг байсан. Сүүлийн үед элсүүлэлт илүү ойр дотны холбоо ах, дүүсийн хүрээлэл рүү орж эхэлсэн. Манайхан чинь ер нь их хамаарах дуртай улс. Нэг хүнтэй хоёр уулзаад л таньдаг гэж хэлдэг. Тэгээд дөрөв, тав уулзаад л бараг ах дүү улс шиг манай тэр ах, тэр эгч гээд явчихдаг. Гэтэл тэр хүн цаанаа ямар амьдралтай, юу хийдэг талаар огт ойлголтгүй мөртлөө гадуур хамт хоолонд ороод, энэ тэнд уулзъя гээд явдаг. Эсвэл манай тэр эгчийн холын хамаатан, манай аавын тэрийн тэр ч гэдэг юм уу ах, дүүсийн хүрээллээсээ болж өртдөг. Тэгээд манай энэ ах сайн хүн, тийм болохоор зүгээр гээд л ард нь байгаа хүмүүсийг огт мэддэггүй явж байгаад хүний наймаанд өртдөг.

Ингэхдээ хүмүүст мөнгө амлахаасаа илүү боломжуудыг санал болгодог. Ийм болохоор хүний наймааг сүүлийн үед “мөрөөдөл хулгайлдаг гэмт хэрэг” гэж томьёолдог болсон. Тэгэхээр нөгөө сайн ах, сайн эгч болж байх үедээ тэр хүний юу хүсэж байгааг мэдэж авдаг. Тэгээд мөрөөдөлд нь тааруулж ярьдаг. За эгч нь чиний амьдралыг ойлголоо. Би чамд нэг тус болъё. Бичиг баримтыг чинь гаргаад өгьё. Чи гадаадад мөрөөдлөөрөө сураад хажуугаар нь ажил хийгээд ирж болно. Эсвэл эгч нь чамайг ийм гоё биетэй юм чинь загварын агентлагт оруулаад өгье гэдэг ч юм уу ийм байдлаар хүнд итгэл төрүүлдэг. Гэвч энэ нь хүний наймаа байсан гэдгийг хэн ч мэддэггүй.

Хүний наймааг сүүлийн үед “мөрөөдөл хулгайлдаг гэмт хэрэг” гэж томьёолдог болсон

Нэг л өдөр чиний хүсэл мөрөөдлийн хаалга нээгдсэн мэт санагдаж, хилийн дээс алхана. Гэвч тэнд очоод бүх зүйл эсрэгээрээ эргэдэг байна. Очсон даруйдаа бичиг баримтаа хураалгаж, хатуу харуул хамгаалалт, байнгын зодуур нүдүүр, дарамт шахалт дунд биеэ үнэлэхээс өөр сонголтгүй болно. Ингэхдээ тэд “чи өрөө л төлчих, тэгвэл паспортоо аваад явж болно” гэж хэлдэг байна. Өр гэдэгт “түүнийг хуурч авч ирсэн замын зардал, хоол унаа, байр ашигласны мөнгө” ордог  байна. Ингээд охид энэ мөнгөө төлөхийн тулд биеэ үнэлж эхлэх боловч өрийнх нь хэмжээ багасах биш өдрөөс өдөрт нэмэгддэг гэлээ.

Ийм байдалд орсон монгол охид БНХАУ-ын Эрээн, Бээжингээс эхлээд Хонконг, Макао зэрэг газруудад  хэдэн зуугаар тоологддог байна. 2007 онд л гэхэд дээр нэр дурдсан газруудад нийт 700 гаруй охид бие үнэлдэг байж.

Эхэндээ үнэхээр гайхаж байсан. Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд харагддаггүй, тэр цэцэг цэврүү шиг охид тэнд байж байдаг. Харахад чөлөөтэй явж байгаа юм шиг хэрнээ бүгд өрөнд орчихсон. Бээжинд бол 10000 юань, Эрээнд бол 3000, цаашаа Хонконг, Макаод очихоор 3-5 мянган америк доллар. Энэ мөнгийг чамайг энд авч ирэхэд зарцуулсан, тийм болохоор чи биеэрээ төл гэж шаарддаг. Тэгээд өдөрт 300-1000 юань төлөхийг шаардана. Хэрэв чи өрөө төлчихвөл илүү гарсан мөнгөө өөрөө авч болно гэж хэлдэг. Гэвч тухайн өдрийнхөө мөнгийг төлж чадаагүй бол хүү нь нэмэгдэж, дараа өдөр төлөх мөнгөний хэмжээ нь өсөөд явдаг. Тэгээд сүүлдээ хэдэн төгрөгийн өртэй, хэдийг төлөх ёстойгоо ч тооцож чадахаа больдог. Ингэж л хүний наймааны хохирогч болдог.

Биднийг явж байхад Бээжинд 200-300, Хонконгд 30-40, Макаод-400 гаруй монгол охин байсан. Солонгос улсад 3000 гаруй эмэгтэй албан ёсны гэрлэлтээр очсон байх жишээтэй.

Энэ бол зөвхөн 2007 онд, таван газарт илэрсэн тоон мэдээлэл. Одоо энэ охидын тоо хэд болж өссөн, эсвэл буурсан талаар мэдэх боломжгүй байна. Хамгийн харамсалтай нь өрөө дарж дийлэхээ больсон охид өөрийгөө аврахын тулд ойр дотны хэн нэгнээ золиослох тохиолдол их гардаг гэлээ. Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын тэргүүн Ганбаясгах ярьж байна.

Оргох гэж оролдох бүрт нь гар руу нь заазуур шиг хутгаар цавчдаг. Айхтар гүн биш өнгөцхөн ч гэсэн дараа дахиад ийм явдал гаргавал энэнээс илүү юм болно шүү гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Тэгээд би хамгийн сүүлд тэр хүнийг энд авч ирсэн. Гэтэл хамгийн харамсалтай нь тэр эмэгтэй өөрийгөө аврахын тулд дотны найзаа хүний наймаанд зуучилсан гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр өнөөдөр хүний наймаанд өртсөн эмэгтэй өрийн дарамтад ороод сүүлдээ яахаа мэдэхээ больдог. Энэ үедээ нөгөө гэмт хэрэгтнүүдээсээ уйлж дуулж, янз бүрийн аргаар намайг явуулж өгөөч гэж гуйна. Харин тэд “чи тэгвэл дахиад 3-20 охин олоод өгчих. Тэгвэл чамайг явуулна” гэж хэлдэг. Ингээд нөгөө хохирогч маань дахиад өөр хүн хайдаг. Гэвч ихэвчлэн өөрийгөө аврахын тулд ойр дотны хүмүүс, эсвэл холын хамаатан, хараа хяналт сул охидыг хүний наймаанд татан оролцуулдаг байна.  

Шувуу болоосой нуруун дээрээ тавиад ороод ирэх юм сан гэж боддог...

Ингэж өөрийгөө аврахын тулд хүн зуучилсан тохиолдолд эргээд хүн худалдаалах гэмт хэргийн холбогдогч болдог. Зарим нь гэмт хэрэгт холбогдоогүй ч гэсэн энэ тухайгаа бусдад ярьж хэлэх дургүй байдаг. Иймээс хүний наймаанаас амьд гарч, эх нутагтаа ирсэн хохирогчид ихэнхдээ цагдаагийн байгууллагад хандах сонирхолгүй байдаг байна.

Баримт-2: Өнгөрсөн 16 жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 300 гаруй хүнийг гадны 8 улсаас авч ирсэн байна. Харин тэдний 40 орчим тохиолдолд нь Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэжээ.

Иймээс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулж байна. Ингэснээр дан ганц төрийн бодлогоор энэ гэмт хэрэгтэй тэмцэх биш, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн гэлээ. ХЗДХЯ-ы Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Ану ярихдаа:

"Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын конвенц, протоколд нэгдэх, энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, иргэдэд зөв ойлголт төлөвшүүлэх зэрэг ажил хийнэ" гэлээ. 

Хүн худалдаалах гэмт хэргийн хоёр хохирогч тутмын нэг нь Цагдаагийн байгууллагад ханддаг байна. Цагдаагийн байгууллагаас 2014 онд 8, 2015 онд 6, 2016 онд 3 хэрэг шалгасан байдаг. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрт Эрүүгийн цагдаагийн газраас 30 орчим санал хүргүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх  газрын ахлах мөрдөн байцаагч Оюунчимэг "Сүүлийн 6 жилийн байдлаар хүн худалдаалах 54, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулах 122 гэмт хэргийн  тохиолдол бүртгэгдсэн байна. Хөтөлбөрийн тухайд төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мөн урьдчилсан байдлаар хохирогчдыг хамгаалах байр барих зэрэг саналыг цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн" гэв. 

Хүний наймааны хохирогчид тухайн улсын Цагдаагийн байгууллага болон Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт хандах нь бага байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдийн хараа хяналттай шууд холбоотой. Тиймээс ихэвчлэн өөрсдөө зугтахыг хичээдэг байна. Харин зугтаж чадалгүй баригдсан нэгнийг бусдынх нь нүдэн дээр залхаан цээрлүүлж, өрийг нь нэмдэг. Мөн биеэ үнэлж байх үедээ бусдад зодуулж цохиулахаас эхлээд хэн нэгний харгис хэрцгийн үйлдлийн золиос болох нь энүүхэнд байдаг байна.  Энэ дундаас хохирогчдыг аврахад цагдаа, тагнуул, хилийн хяналт, хүний эрхийн байгууллагуудын нягт уялдаа холбоо шаарддаг гэлээ. Хүйсийн тэгш эрх ТББ-ын тэргүүн Ганбаясгах "Өнөөдрийн байдлаар манай төвөөр 2000 гаруй хүн үйлчлүүлсэн байна. 700 орчим нь хүний наймааны хохирогч гэж тогтоогдсон. Үүнээс 300 орчим хүнийг нь гадаадын 8 улсаас авч ирсэн байна. Зарим нь 5, 10-аараа, ихэвчлэн ганцаараа ирдэг. Тэднийг авч ирнэ гэдэг асар хүнд. Заримдаа нээрээ шувуу болоосой нуруун дээрээ тавиад ороод ирэх юм сан гэж боддог" гэлээ. 

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон хэлбэрээр илэрч болно. Гэхдээ энэ гэмт хэргийн 70-75 хувь нь бэлгийн мөлжлөг хэлбэрээр илэрдэг. Тэдний зарим нь энэ гэмт хэргээс амьд үлдэж чадсан ч бие эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд их хэмжээгээр хохирч үлддэг байна.

Таны эргэн тойронд сайн санаат хүний дүр эсгэж, хумсаа нуусан нэгэн байх вий...

Нэвтрүүлгийн төгсгөлд танд сануулахад, хэн нэгэн таныг гудамж талбайгаас хулгайлж аваад хүний наймаанд золиос болгоно гэсэн буруу ойлголтоосоо салах хэрэгтэй. Харин таны эргэн тойронд сайн санаат хүний дүр эсгэж, хумсаа нуусан нэгэн байх вий. Үүнээс л болгоомжил гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс анхаарууллаа.

Нэвтрүүлгийг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Мөрөөдөл мөшгисөн хүний наймаа  
Үзсэн: 6969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.117.xxx] 2018-03-09 22:09
Iim zuil tohioldj ehleh geed baivl ymr arga hemjee avah ve?
Зочин [124.158.90.xxx] 2017-04-18 15:24
hunii naimaanii esreg saitar ajillahiig holbogdoh baiguullagaas shaardaj baina. ilreegui hohirogchid her olon baigaag medehgui baina. tur zasgiinhan oligtoi ajillah heregtei baina. irgedee hamgaaldag turtei baimaar baina.

Бидэнтэй нэгдээрэй