
Монголын чөлөөт бөхийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Тодруулбал Энэтхэгийн Дели хотноо ирэх тавдугаар сарын 10-14-нд болох чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэлээс хоцорсон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдүүлэг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тив, дэлхийн тэмцээнд оролцох баг, тамирчдын мэдүүлгийг зохих хугацаанд илгээх ажлыг хариуцдаг.
Гэвч холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдын хооронд үүсээд буй зөрчил, үл ойлголцлын улмаас тамирчид хохирч мэдэх байдал хүрлээ. Энэ асуудалтай холбогдуулан МЧБХ-ноос мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдэгдэл:
Энэтхэгийн Дели хотноо тавдугаар сарын 10-14-ний хооронд насанд хүрэгчдийн Азийн АШТ-нд зохиогдоно.
Энэ тэмцээний зааварт заасны дагуу урьдчилсан мэдүүлэгийг гуравдугаар сарын 10-д өгч, тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-нд багуудын нэрийн мэдүүлгийг хүлээн авах хугацаа дуусч, Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны бүртгэлийн “Athena” систем хаагдаж, тэмцээнд оролцох Монголын багийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүйг Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос мэдэгдлээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо шигшээ багийн нэгдсэн цугларалтанд гараагүй, тусдаа бэлтгэл хийж буй тамирчдын дасгалжуулагчдад тамирчдаа нэгдсэн бэлтгэл цугларалтанд гаргаж, Азийн АШТ-ий мэдүүлэгт нэрийг нь оруулахыг удаа дараа анхааруулж, мэдэгдсэн болно.
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ҮШБ-ийн алба, Монголын чөлөөт бөхийн холбоо тусдаа бэлтгэлд гарсан тамирчдын дасгалжуулагч нартай уулзаж, шигшээ багт тамирчдаа хамруулж, нэгдсэн бэлтгэл цугларалтанд нь гаргаж, Азийн АШТ-ны мэдүүлэгт нэрсийг нь оруулахыг дахин албан ёсоор шаардсан. Гэвч тус тамирчид, дасгалжуулагчид шаардлагыг хүлээн авалгүй байсаар энэ сарын 13-ны өдөр шигшээ багийн бэлтгэлд ирж нэрсээ оруулсан.
Үүнээс болж Азийн АШТ-ний мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 13-нд явуулсан ч Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо “Athena” системд бүртгэх боломжгүйг ийнхүү мэдэгдээд байна. Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны дүрмээр Азийн АШТ-нд оролцоогүй баг тухайн жилийнхээ ДАШТ-нд оролцох эрхгүй байдаг.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын Чөлөөт Бөхийн Холбоо Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоотой холбогдон асуудлыг нааштайгаар шийдэхийн төлөө шуурхай ажиллаж байна.
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.