
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцох болсон билээ. Учир нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны бүртгэлийн “Athena” системийн бүртгэлээс Монголын чөлөөт бөхийн тамирчдын мэдүүлэг цагтаа буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөрт багтаан очоогүй байсан юм.
Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо ирэх тавдугаар сарын 10-14-нд болно. Тиймээс Азийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг яаралтай мэдүүлэхийг сануулжээ.
Энэ дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон багш, дасгалжуулагчид уг асуудлаар хуралдаж, тамирчдынхаа нэрийг гаргасан байна. Энэ удаагийн тэмцээнд гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар оролцохгүй гэнэ. Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн хувьд тодорхой шалтгааны улмаас албан ёсоор чөлөө авсан байна. Харин Г.Мандахнаран, С.Ням-Очирын хувьд залуу тамирчдадаа боломж олгох үүднээс Энэтхэгийг зорихгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн үүнээс гадна шигшээ багийн бэлтгэлд хамрагдаагүй С.Батболд, П.Орхон, О.Үйтүмэн, Н.Лхамгармаа нарыг Азийн аваргад оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхоны оронд дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийг сонгожээ. Ийнхүү маргаан дагуулаад байсан бүртгэлийн асуудал цэгцэрч, манай тамирчид Азийн аваргад оролцохоор боллоо. Хэрвээ Монголын тамирчдыг Азийн аваргад оролцуулахгүй гэсэн шийдвэрээ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэвээр үлдээсэн бол чөлөөтийнхөн ирэх есдүгээр сард болох ДАШТ-д оролцож чадахгүй байсан юм.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны УАШТ өнгөрөгч нэгдүгээр сарын 7-8-нд “Буянт Ухаа” спортын ордонд болсон билээ. Энэхүү тэмцээнээс олон сонирхолтой барилдаан гарсан билээ.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, залуу тамирчин П.Орхон нарын өрсөлдөөн гол анхаарлын төвд байсан.
Хоёр бөх өрсөлдөгч бүрээ ялж, финалд үлдэхэд П.Орхон ялалт байгуулж, улсын аварга болсон байсан юм. Мөн тэрбээр энэхүү тэмцээний дараа Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа бататган түрүүлсэн юм.
П.Орхон 2016 оны энэхүү тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичог ялж, шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл "Алдар" спорт хорооны залуу тамирчин П.Орхон Үндэсний шигшээ багт багтсан хэрнээ өөрийн багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийх хүсэлт шигшээ багийн албанд хүргүүлснээр асуудал үүсээд байсан юм. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ багийн албаас шийдвэрээ гаргаснаар Азийн аваргад оролцох тамирчдын нэрс өөрчлөгдсөн байна.
Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар Азийн АШТ-д оролцохгүй | ||
Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.