
Монгол улс бөхийн төрлүүдийн ДАШТ-д 1963 оноос эхлэн оролцсон. Харин 1977 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон тэмцээнээс эрэгтэйчүүдийн 87 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат хүрэл медаль хүртсэн нь чөлөөтийн баг тамирчдын амжилтын буухианы эхлэл байсан юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ оны өсвөрийн үеийн УАШТ-ийг түүний нэрэмжит болгон дөрөвдүгээр сарын 25-27-нд "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулж байна.
Түүний ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсаны түүхт 50 жилийн ой тохиож байгаа энэ жил МЧБХ, "Хакүхо сан" хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Өчигдөр болсон тэмцээний нээлтийн ёслолд Ж.Мөнхбат, гэргий Ө.Тамир, үр хүүхэд, ач зээ нарынхаа хамт ирсэн юм. Мөн МЧБХ-ны удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, удирдах зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, олимпийн медальтуудаас гадна хүндэт зочид оролцлоо.
Тэмцээний нээлтийн үеэр МЧБХ ирэх намар Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Мөнхбат аваргыг хүндэт зочноор оролцох урилгыг гардуулсан юм.
Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, үндэсний бөхийн улсын харцага Г.Элбэг, улсын начин Б.Баянжаргал, Б.Дэлгэрсайхан, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй “Их шавь” дэвжээний шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүллээ.
Тэмцээний нээлтийн үеэр Ж.Мөнхбат аваргын хүү Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, гавьяат тамирчин Хакүхо Даваажаргал болон 70 дах ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар Япон улсаас мэндчилгээ дэвшүүлэв.
Тэмцээнд хот, хөдөөгийн 42 байгууллагын 597 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан боллоо. Баянхонгор аймгийн Б.Хонгорзул гурав дахь түрүүгээ авсан бол Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн Н.Наранхүү, Баянхонгор аймгийн Т.Цээням, Чингэлтэй дүүрэг, оюутны шигшээ багийн Н.Анударь нар улсын хошой аварга боллоо.
Маргааш багуудын халз барилдаанаар улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
М.Даваажаргал аавдаа мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.