Шууд Chart

“Исламын нам”-ын удирдагч Хекматияр 20 жилийн дараа эх нутагтаа эргэн иржээ

2017-05-06 12:02:14

Афганистаны “Исламын нам”-ын удирдагч Гульбеддин Хекматияр 20 жилийн дараа эх нутагтаа, нийслэл Кабул хотод ирсэн тухай телевизийн “Толо ньюс” суваг уламжилж байна.

Өнгөрсөн онд Афганы Засгийн газар болон Хекматиярын толгойлдог улс төрийн хүчин хооронд энхийн гэрээ байгуулснаар энэ хүн ийнхүү нутагтаа эргэн ирэх боломжтой болжээ. Хекматиярын суусан тансаг зэрэглэлийн жип машины цуваа Нангархар мужид ирсэн байна. Түүнийг хэдэн арван зэвсэглэсэн дэмжигчид нь дагалдан явсан бөгөөд тэд бүгд Хекматиярыг, Афганистаны “Исламын нам”-ыг дэмжсэн уриа лоозон хашгирч байлаа.

Афганистанд ЗСБНХОУ-ын цэрэг, улс төрийн оролцоо байх үед Хекматиярын толгойлсон можахедууд зөвлөлтийн талыг баримтлагч Афганы Засгийн газрын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож байсан. Афганистаны Засгийн газрыг түлхэн унагасны дараа буюу 1992-1996 онд Хекматиярын толгойлсон зэвсэгт бүлэг бусад хээрийн цэргийн захирагчдын командалсан бүлгүүдтэй Кабулыг хэн хяналтандаа авах вэ гэдгийн төлөө зэвсэгт тэмцэл хийсэн.

Энэ бүгдийн дүнд нийслэл Кабул хот эвдрэн сүйрч, олон мянган энгийн номхон оршин суугчид амь үрэгдсэн. 1993-1994, 1996-1997 онд Хекматияр Афганистаны Ерөнхий сайдын албыг хашиж байсан. 1996 онд Талибан хөдөлгөөн засгийн эрхэнд гарсны дараа Хекматияр хилийн чинад руу зугтаж, эхлээд Иранд, дараа нь Пакистанд орогнож байсан юм.

Талибуудыг түлхсэний дараагаар Хекматияр Афганистаны шинэ Засгийн газар болон улс оронд байрласан өрнөдийн эвслийн хүчний эсрэг зэвсэгт тэмцэл эхэлсэн. 2003 онд АНУ энэ хүнийг Мулла Мохаммад Омар болон “Аль-Каида”-гийн толгойлогч агсан Усама Бен Ладены хамт эрэн сурвалжилж байгаа террористуудын жагсаалтад оруулж байлаа.

Өнөөг хүртэл Хекматиярын мэдэлд байдаг зэвсэгт бүлэглэлүүд хүнийхээ тоогоор “Талибан” хөдөлгөөний дараа орж байлаа. 2016 оны есдүгээр сарын 29-ний өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Исламын нам”-тай энхийн гэрээ байгуулж, Хекматияр болон түүнийг дэмжигчид байлдааны ажиллагаагаа зогсоож, хэт даврагчидтай холбоогоо таслаж, Үндсэн хуулийг дагахаа амласны хариуд тэдэнд өршөөл үзүүлэх, тэднийг НҮБ болон АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтаас хасуулна гэх Засгийн газрын амлалтыг авсан.

“Исламын нам”-ын удирдагч эргэн ирсэн нь Афганистаны дотоод байдлыг тогтворжуулах, улс оронд үндэсний эвлэрлийн үйл явцад тус дөхөм болно гэж Афганистаны Засгийн газар найдаж байна.

Нийтэлсэн: Т.Цогтоо

“Исламын нам”-ын удирдагч Хекматияр 20 жилийн дараа эх нутагтаа эргэн иржээ  
Үзсэн: 2552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй