
Гэр бүлийн хосууд нэгэндээ өөрийгөө сайн ойлгуулж чадаагүйгээс зөрчил маргаан үүсдэг. Ямар ч маргааныг бага гэлтгүй цаг тухайд нь шийдэхгүй бол хуримтлагдсаар эцэстээ гэр бүл салахад ч хүрэх эрсдэлтэй. Тиймээс нэг нэгнээ юу хүсч байгааг ойлгох, өөрийнхөө юу хүсч байгааг ханьдаа зөв ойлгуулж байж таны гэр бүл бат бөх, аз жаргалтай байх болно. Сэтгэл зүйчийн цаг нэвтрүүлгийн энэ дугаарт “Ханьдаа өөрийгөө хэрхэн илэрхийлж ойлгуулах вэ” сэдвээр сэтгэл зүйч Оюунболортой ярилцлаа.
-Эхнэр, нөхөр нэг нэгэндээ өөрийгөө илэрхийлж чаддаг байхад юуг анхаарах вэ?
-Гэр бүлийн амьдрал гэдэг хүний амьдралын аз жаргал, үндэс суурь. Хүн яаж амьдрахыг хүсдэг вэ. Аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэр аз жаргал хаана бүтээгддэг вэ гэхээр гэр бүлд бүтээгддэг. Тэгэхээр энэ аз жаргалыг бүтээх эхлэл бол эхнэр, нөхрийн хоорондын ойлголцол, нээлттэй байдал, нэг нэгнээ хүндэтгэсэн харилцаанаас эхэлдэг. Үүнийг бүтээхийн тулд гэр бүл болсон цагаасаа л эхлэх ёстой. Анхнаасаа нэг нэгэнтэйгээ зөвлөлдөхгүй, хэлэхгүйгээр аливаа зүйлийг шийдэж болохгүй. Ингэж хэвшил болговол сүүлдээ нэгэндээ хэлэхээс эмээдэг, айдаг зэрэг буруу зуршилтай болно.
Хүнд аз жаргалыг мэдрүүлдэг хоёр зүйл байдаг. Энэ нь хайрлах, хайрлуулах. Хайрыг насан туршдаа нандин сайхан байлгахын тулд гэр бүлийн хоёроос маш их тэвчээр, ур ухаан шаарддаг. Ямар гэр бүлийг аз жаргалтай гэр бүл гэж нэрлэх вэ? гэхээр. Гэр бүлийн гишүүд нэг нэгнээ хүсэн хүлээдэг, харилцан бие биенээ хайрлаж дэмждэг, итгэж ойлгодог, нээлттэй, халуун дулаан уур амьсгалтай, амар амгалан гэр бүлийг АЗ ЖАРГАЛТАЙ гэр бүл гэдэг.
Нэг гэрт орохоос өмнө хосууд дурлах шатандаа явж байдаг учраас нэгнийхээ ямар ч өөтэй талыг олж харахгүй, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл зэрэг нь бүгд тухайн хүндээ сайхан санагддаг. Харин гэр бүл болсноор эрх нь хоёр дахин хязгаарлагдаж, үүрэг хоёр дахин нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэр бүл болно гэдэг идэх хоол, гэр орноо хувааж хэрэглэхийн нэр биш, харин нэг нэгнээ ойлгох, сэтгэл зүйн нандин харилцаагаа зөв авч яваа бол тэр нь жинхэнэ гэр бүл юм.
-Гэр бүлийн хоёр өөрийгөө илэрхийлэхдээ нэгнээсээ эмээдэг бол сэтгэл амар амьдарч чадахгүй. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд ямар алхам хийх вэ?
- Ямар нэгэн зүйл дээр нэгнийгээ уучилж өнгөрөөнө гэдэг их чухал. Нэг удаагийн алдаа гэдэг дараагийн удаа алдахгүй байх том сургамж байдаг. Тэгэхээр амьдралд ирж байгаа бэрхшээл болгон дараагийн удаа алдаа гаргахаас сэргийлсэн боломж байдаг гэсэн үг. Эхнэр нь нэг удаа зөвлөлдөхгүй чухал худалдан авалт хийсэн тохиолдолд асуудал үүсгэлгүй өнгөрүүлээд, харин дараагийн удаа ярилцаж байж шийдвэр гаргахаар тохиролцох хэрэгтэй. Эхнэр ч гэсэн энэ тохиолдолд нөхрөөсөө харилцан уучлалт гуйх хэрэгтэй.
-Өөр орчинд өссөн, өөр хүсэл сонирхолтой хүмүүс нэг гэрт амьдрахаар нэгнийгээ өөртэйгээ ижилхэн болгож өөрчлөх гэсэн хүсэл эхнэр нөхрийн аль алинд байдаг. Үүнийг яаж шийдэх вэ?
-Хосуудын гаргадаг хамгийн түгээмэл алдаа нэгнээ өөрчлөх гэж зүтгэдэг. Энэ нь буруу. Багаасаа суусан тэр зан авир, хүмүүжлийг хэдхэн сарын дотор өөрчлөнө гэж байхгүй. Хайрын хамгийн чухал зүйл бол бие биенээ байгаагаар нь хайрлах явдал байдаг. Ихэвчлэн эмэгтэйчүүд нөхрөө өөрчлөнө гэж их зүтгэдэг. Эмэгтэйчүүд нөхрөө өөрчлөгдөнө гэж найдаад гэр бүл болдог. Харин эрчүүд эхнэрээ өөрчлөгдөхгүй гэж найдаад гэр бүл болдог. Энэ сэтгэл зүйн ялгааг их сайн ойлгох хэрэгтэй.
Эрчүүдэд байгаа байдлаараа хүлээн зөвшөөрөгдөх гэдэг маш том сэтгэл зүйн шаардлага. Эрэгтэй хүнийг байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрөх юм бол эр хүн гэр бүлээ авч явах, сайн сайхан байлгах гэсэн хүсэл эрмэлзлэлийг нь бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хайртай хүн өөрт нь бүрэн итгэж хүлээн зөвшөөрснөөр алдаа дутагдалаа илүү мэдэрч, хичээдэг. Нөхрөө байгаагаар нь хайрлахгүй, өөрчлөх гэж зүтгэснээр ажил үйлс нь бүтэмжтэй байж, гялалзаж, цог золбоотой болохгүй ээ. Эр хүний цаанаасаа заяасан эршүүд, өөрөө бахархсан тэр байдлыг хурцалж өгөхийн тулд өөрийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх явал юм. Тиймээс нэг нэгнээ өөрчлөх гэж оролдох нь гэр бүлийн харилцаанд алдаа болдог.
Эр хүнд ИТГЭЛ гэдэг зүйл их чухал. Эхнэр нь өөрт нь итгэх, гэр бүлээ авч явж чадна гэдэгт итгэж байхад тэр итгэлийг алдахгүй байхад бүх хүчээ дайчилдаг. Эсэргээрээ урмыг нь хугалаад, хардаж сэрдэн, зөвхөн алдаатай нь хөөцөлдөөд байвал эр хүн алдаан дээрээ бүтэрч унадаг. Иймээс эмэгтэйчүүд их ухаантай хандах хэрэгтэй.
-Эхнэрээ, нөхрөө байгаагаар нь хүлээж авах тал дээр тодорхой зааг ялгаа байх хэрэгтэй болов уу?
-Тодорхой ялгаа байлгүй яахав. Энэ хүнийг яасан ч яахав гэж ханийгаа өмч юм шиг ханддаг. Эсвэл эр нөхөрөө хэтэрхий барьж цагддаг. Ямар ч нөхцөлд бүх зүйлийн өөрийнхөө хяналтанд байлгахыг хүсдэг буруу хандлагаас болоод гэр бүл янз бүрийн зөрчлүүд гардаг. Энэ зөрчил нь тэсч тэвчихэд хэцүү нөхцөл байдалд хүргэж байна, хүчирхийллийн хэлбэрлүү шилжиж байна. Тиймээс хүн болгон ямар хил хязгаартай байх ёстой вэ? гэдгээ мэддэг боддог байх хэрэгтэй.
-Өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд хамгийн чухал нь юу вэ?
-Гэр бүлийн харилцаанд хамгийн чухал зүйл ярилцаж чаддаг байх хэрэгтэй. Эр хүн эхнэрээсээ юуг хүсдэг, харин эхнэр эр нөхрөөсөө юуг хүсдэг зэргийг мэддэг байх хэрэгтэй. Үүнийг хэлж өгье.
Эхнэр нөхрөөсөө юуг хүсдэг вэ?
- Хайраа илэрхийлдэг нөхрийг хүсдэг. Энэ нь эмэгтэй хүний сонсох чадвар маш сайн хөгжсөнтэй холбоотой. Тиймээс нөхрүүд эхнэртээ магтаалын үгийг харамгүй хэлэх хэрэгтэй.
- Үнэнч нээлттэй нөхрийг хүсдэг. Эрчүүд дотроо юу бодож явдагаа тэр болгон хэлээд байдаггүй. Хааяа ч болов эхнэртэйгээ ярилцаад зөвлөх юм бол эхнэр нөхрийнхөө хувьд чухал хүн гэдгээ мэдэрдэг.
- Халамжтай нөхрийг хүсдэг
- Эдийн засгийн хэрэгцээг минь хангаж байгаасай гэж хүсдэг. Гэхдээ эмэгтэй хүн шуналтайдаа биш. Эмэгтэй хүний хэрэгцээ өндөр. Нөгөө талаасаа эхнэр нь сайхан байна гэдэг нь эрэгтэй хүний нэгэн чимэг байдаг.
- Хүүхдийнхээ боловсролд анхаардаг нөхрийг хүсдэг.
Эрчүүд эхнэрээсээ юуг хүсдэг вэ?
- Бэлгийн хэрэгцээг нь ойлгоосой гэж хүсдэг
- Нөхөрлөлийн харилцааг хүндэтгээсэй гэж хүсдэг. Найз нөхөдтэйгээ гадуур салхинд гарах, загасчлах зэрэгт нь уурлаж уцаардахгүйгээр хүлээн зөвшөөрвөл нөхөр хариуцлагатайгаар гараад гэртээ буцаад ирдэг
- Сайхан эхнэрийг хүсдэг. Анх дурлаж байсан шигээ сайхан хэвээрэй байгаасай гэж хүсдэг.
- Хийж чадаж байгаа зүйлийг минь магтаж урамшуулж байгаасай гэж хүсдэг
- Гэртээ ирэхэд нь халуун хоол цайтай, гэр нь цэмцгэр, эхнэр минь инээмсэглээд угтаасай гэж хүсдэг
Ингээд бодоход гэр бүл сайн сайхан харилцаатай, аз жаргалтай байхад хүнээс тодорхой хэмжээний мэдлэг боловсрол шаарддаг. Өнөөдрийн залуусын дунд дутагдаж байгаа зүйл бол гэр бүлийн боловсрол юм. Бид энэ боловсролыг өөрийн гэр бүл, эцэг эхээсээ авдаг. Мөн өнөөдрийн нээлттэй нийгэмд олон төрлийн мэдээ мэдээллээс авч болж байна. Тиймээс та бүхэн гэр бүлийнхээ аз жаргалын төлөө энэ бүхэнд соргогоор хандаж, гэр бүлийн боловсролтой холбоотой мэдээ мэдээллийг уншиж, сонсож, судалж байгаарай гэж хүсч байна.
Эхнэр нь нөхрөө хүндэлж, нөхөр нь эхнэрээ халамжилж, хоёргүй сэтгэлээр нэгнээ хайрлаж гэр бүлдээ жинхэнэ аз жаргалыг бүтээцгээе.
Эхнэр, нөхөр байна гэдэг идэх хоол, гэр орноо хувааж хэрэглэхийн нэр биш | ||
Үзсэн: 6120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.