Шууд Chart

Дугуй

2013-11-18 13:33:19

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Хот өргөжин тэлж, улам сайхнаар өнгө засан тэлж байлаа. Энэ бол 80-аад оны дундуур. Баруун тийшээ хаяа тэлж нэг л мэдэхэд өндөр өндөр барилгатай шинэ хорооллууд сүндэрлэсэн байв. Өнөр хороолол гээд одоогийн 1-р хорооллыг та бүгд сайн мэднэ. Зөвлөлтийн барилгын трестүүд гурван ээлжээр өдөр шөнөгүй өвөл зунгүй ажиллаж олон өрх айлыг шинэ сууцтай болгосон. Тэр үедээ л чамин чамин сайхан барилгууд байж. Бас троллейбусны цоо шинэ шугам татаж, далайцтай бүтээн байгуулалт газар сайгүй өрнөсөн. Хавдар судлалын үндэсний төв, шинэ гэмтлийн төв, Нэгдсэн 3-р эмнэлэг гээд яривал нүсэр нүсэр бүтээн байгуулалт цаг мөчтэй уралдан бос ч нийслэлийн өнгө төрхийг тэс ондоогоор өөрчилсөн. Орон даяар далайцтай ажил хөдөлмөр өрнөхөд нийгмийн амьдрал өөдрөг өрнөж баяр баяслаар бялхан, хүн зон нь урам зоригтой алхдагийг тэр үед хараад бахархмаар байдагсан. Шинэ сайхан кино жүжиг дуу хуур олноор төрнө. “Инээмсэглэл” хамтлаг наяад оны шүтээн байсан болохоор эдний залуучууд бүгд л од болон мандаж байсан. Тэр дундаа Ууган маань  олонд бүр илүү танигдаж байж. “Тууврын замд” киноны гол дүрд тоглож, тэр нь байн байн зурагтаар гарсан болохоор Ууганыг хаа ч явсан хүмүүс танина .Сургуулийн хүүхдүүд.
-Хүүе сүүлтэй чоно мөн байна, мөн байна гээд тойрч харна. Тэр кинон дээр Ууганы тоглосон дүр нь
- Та нар чинь сүүлтэй чоно уу, сүүлгүй чоно уу гэж хашгирч байгаа хэсэг гардаг.Тэрнээс болсон хэрэг. Бас “Нандин эрдэнэ” “ Гэрлэж амжаагүй явна” киноны дууг сайхан дуулж хүн бүр мэддэг болсон гээд тоочвол олон  юм бий. “Инээмсэглэл” хамтлагт байсан тухай нь хамт дуулж байсан нөхөд нь арай их юм хэлэх биз. “Инээмсэглэл” тэр юм юмны нүүр тахалдаг залуучуудын сонсох дуртай “гол” хамтлаг байжээ. Ууган байсхийгээд л тоглолттой. Ялангуяа шинэ жил эмэгтэйчүүдийн баяраар энд тэндээс олон урилга авна. Бас Нүхт-д, Их тэнгэрийн амд очиж тусгай тоглолтууд хийж байж. Иймэрхүү юманд явахад дайллага цайллага бишгүй гарч, тойрч  гарахгүй юм болдог л байж. Ууган маань хааяа хааяа амсчихсан ирдэг байсан. Жаахан уучихвал алиа хөгжилтэй, амьтан хүн инээлгэсэн нэгэн болно. Сүүл, сүүлдээ зарим дээгүүр зиндааны найр хурим, томчуудын уулзалт наргиа наадамд Ууган уригдаж тэднийг хөгжөөх гэж очдог болсныг бид сайн мэднэ. Эвлэлийн төв хороон дээр янз бүрийн юм болдог байсан биз. За тэр яахав. Мэдэх юм аа яръя. Манайх Ууганыхыг бодвол 1-р хороололд хоёр жилийн өмнө нүүж очсон. Ууганых 10-р хороололд 88 онд очсон. Ингээд манайх тэднийх ойртов. Нараа манай эхнэр Тунгаа бид хэд үй зайгүй сайхан нөхөрлөдөг гэр бүлүүд болсон. Ууган гадагшаа явахдаа бидэндээ заавал бэлэг авчирна. Энэ нь бидний дунд уламжлал болж, хэн нь ч хаашаа ч явсан бэлэгтэй ирнэ. Ууган манай хүү Батбилэгт олон тоглоом авч ирсэн. Хэрэв би гадагшаа  явбал тэдэнд бас бэлэг авна. Явах ирэх бүртээ бие биенээрээ айлчилж нэг оройг хөгжилтэй өнгөрөөнө. Бас дарс ганц нэг шил мултална. Хоол их сайхан хийж идэцгээдэгсэн. Манай гэрээс Тунгаа  хоол олон янзаар хийнэ. Тэднийхээс бол Ууган бол мастер тогооч. Энэ хоёр уралдана. Ууган бид хоёр 85 оноос эхэлж фото зураг авч эхлэв. Өнгөт слайдаар фото зураг авсан бол тэр дор нь угааж буулган гэр гэртээ үзэцгээнэ. Ууганыд бид хэд нэг оройжин слайдаа үзэж инээж хөхрөлдөж сайхан байдагсан. Тасалгааны гэрэл унтрааж проектор аппаратаа асааж яг л кино үзэж байгаа юм шиг хэдэн арван слайд фото оройжин үзнэ. Гоё байжээ. Ууганы буянаар би ээж, аав, эгч, дүүс үр хүүхэд найз нөхдийнхөө маш олон слайд фототой байсан нь одоо он жил улирах тусам үнэд орж байна. Зенит гэдэг фото зургийн аппаратаар зураг авахыг би Ууганаар заалгасан. Тэр үед бас ганган чамин юм чамгүй хэрэглэдэг байжээ. Ууган нэг өглөө унадаг дугуйтай боллоо гэсээр орж ирэв. Би бас гайхаж л байлаа. Телевизээс ажил тараад бас өглөө ирэхдээ дугуйгаар явна гэв. Би ч бас сонирхож эхэлсэн ч дугуй унахаас хулчийв. Замын хөдөлгөөнд оролцоод дугуй унаж явна гэхэд аймар санагдсан. Ингээд Ууган маань дугуйчин боллоо. Нэг удаа харуулдаж сүрхий унасан. Хөл гар нь шалбараад эгээ л гараа хугалаагүй байх. Гэхдээ шантраагүй. Бас нэг удаа бид хоёр сундалцаж хорооллоор явсан юм. Манай ээж аав хоёр урилгаар Бээжин явав. Энэ бол 88 оны хавар. Тэр үед урагшаа одоогийнх шиг өдөр бүр шахам явдаггүй байсан үе. Нэг өдөр урдаас ирсэн хүнээр баахан бэлэг явуулсаны дотор нэг шил “Хос баяр” гэдэг архи, зургаан ширхэг өвгөнтэй архи зөндөө их чихэр жимс явуулсан  байв. Өвгөнтэй архи 88 онд манай улсад ирээгүй байсан. Эгдүүтэй хөөрхөн гялгар сав бүхий завилж суугаа өвгөн байхыг та бид юу эс андах билээ. Дээжээс нь амсуулахаар хатуу юмаа, өвгөнтүүдээ аваад Ууганыд очлоо. Үнэндээ тэр цагт хятадаас ирсэн бараа чихэр жимс маш сонин содон бас чанартай байж. Бид хоол хийж идлээ. Нөгөө зангий нь мэдэхгүй хатуу юм аа амтлан, амтлан шимэв. Тэр өвгөнтэй архи хулхи биш жинхэнэ нь байсан гэдэг нь  мэдээж. Нэг мэдсэн бид 1-р хороолол явдаг замын уулзвар дээр дугуйтай жийж явах юм. Ууган намайг урдаа сундалжээ. Бодвол гэрт  хүргэж өгөх гэсэн юм болов уу. Сүүлд хэлэх нь  намайг их согтсон гэсэн. Хятад архи анх удаагаа ууж байгаа хоёр. Согтуу улс дугуй унаж байсан юм чинь, хоёр тийшээ дайвагнаж, яажигнаад ямар олиг байх билээ. Уулзварын цагдаа ирж зогсоов.
- Бадрууган гуай та согтуугаар замын хөдөлгөөнд орж байна. Ядаж явган хүний замаар явахгүй дээ. Таныг торгох нь битгий хэл эрүүлжүүлэхэд өгөхөөр болж даанч хүндэлдэг ах минь юм. Одоо буугаад дугуйгаа түрээд харьчих тэгэх үү? гэж билээ
Нээрэн хоёр согтуу хүн төв замаар дугуйтай явна гэдэг яамар олиг байхав дээ.Архины л  “шид”. Аймаар шүү. Аз болж орой болчихсон бас замын хөдөлгөөн одоогийнх шиг ийм багтаж шингэхээ байчихсан болоогүй байж. Ууган тэр дугуйг зунжин шахуу унал уу яалаа нэг мэдэхэд больсон байсан. Дахиж үзэгдээгүй. Ууган маань элдэв янзын юм сонирхож шохоорхож явсан ч хаа очиж ан, ав буу шийдин болоогүй хүн. Найруулагч хүн элдвийн юм сонирхож явбал сайн л байдаг. Ямартай ч анд яваагүй хүн шүү. Харин наашаа нүүж ирсэн хойно бурхан номын юм сонирхдог болсон байж билээ. Анх Дилав хутагтын тухай шимтэн судалснаа ярьж над их юм хэлдэг байж билээ. Бас бариа засал сонирхож эхэлсэн. Ер нь эрүүл мэндийн нэвтрүүлэгт ажиллаж байхдаа бид анаагахын сэдвээр их ярьдаг байж. Ууган анагаах мэдэхийн олон учир шалтгаан байлаа. Ээж Бадарч гуай нь манай улсад эмэгтэйчүүд эх барихыг чиглэлээр урдаа барьдаг сайн эмч. Аавынх нь төрсөн дүү Долгормаа гуай мөн л уламжлалт анагаахын нэртэй эмч. Хүмүүс Ууганыг гартаа хоосонгүй гэдэг. Толгой өвдөх, хүзүү хөшихөд мөн ч олон хүн бариулж билээ. Телевизийнхэн  нэг хэсэг Ууганаас салдаггүй байв. Хүүхдийн тархи хөдөллөө гэвэл чирээд л ирнэ. Хуучин төвийн ВМЗ аппаратын өрөөнд бариа эхэлнэ. Гитар тоглодог хүний хуруу илүү мэдрэмжтэй санагддагсан. Ууган нарийн хуруутай, тийм палибгар гартай биш. Арван хоёр утастай гитарын утсан дээр тэр хуруунууд чөлөөтэй хөдөлж шинэ аялгуу, өвөрмөц дуу гайхалтай  аккорд барьж байв. Миний бодлоор “Инээмсэглэл” хамтлагийн аялгуу хөгжимд өөрийн өвөрмөц “гармони” байдаг юм. Мэдээж Долгион, Ганбат, Ганхуяг, Энкүүш, Батчимэг, Цогдэлгэр бүгд л тус бүртээ давтагдашгүй өнгө хөг аялгуу нэмсэн байгаа. Гэхдээ л Ууганы “барьдаг” аккордоос арай л нэг сонин содон өнгө сонсогддог юм. Энэ бол миний бодол л доо. Хожим “майяа” аккорд байдаг гэж мэдэж билээ. Ууган тэр үед нэг их дэлгэрээгүй сонсогдоогүй өнгө дуугарагдаг байж. “Сатуркан” арван хоёр утастай гитар тэр үед ховорын юм байж. Их гоё дуугарна. Ууган чамин тоглоно. Ердийн нэг дан дан гэсэн аккорд барихгүй .
-          Хонин цагаан үүл нь хө
Хөвөрч сэмрээд нүүл ээ дээ хө
Хонгор чамдаа өгсөн сэтгэл минь гэдэг дуунд Ууганы жинхэнэ хоолойны өнгө аялгуу, сэтгэлийн өгөөмөр талбиун байдал мэдрэгддэг. Энэ дуу 80-аад оны сүүлээр дуулагдсан.Үгийг нь манай телевизийн сэтгүүлч Доржхандын Төрмөнх зохиосон.
“Бариач” Ууган телевиз, радиодоо нэлээн хүндлэгдсэн шаггүй домч болж байсан үе үнэхээр бий. Маргах аргагүй. Ер нь элдэвтэй хүн л дээ. Домч гэдгийн утга нь ардын эмчилгээний янз бүрийн арга чарга мэддэг учраас тэгэж байгаа юм. Долгормаа эгчээсээ их юм мэдэж авсан. Хятадын бариа засал, Японы Шиа-Цу, Монгол бариачийн онцлог гээд нэг хэсэг дорнын эмнэлэг анагаах ухаанд автчихсан байсан. Яагаад тэгэснийг би бодоод л явдаг юм. Учрыг нь олоогүй.   
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Дугуй  
Үзсэн: 4634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.52.xxx [203.169.52.xxx] 2013-11-19 13:00
saihan dursamj bna .90-ed oni eheer egchiinhee huuhdiig 1horoololiin tsetserlegees abahaar ochij bhdaa tantai zondoo l taardag blaa tanai ohin manai duu 2 neg angid bdag blaa.Tanid aj jargal husie
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-18 19:40
Ene Zoljargal mundag hun naiz nuhuruu martahgvi bn gedegt uhaan yum daa
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-18 16:16
ЗӨВ ШҮҮ
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2013-11-18 14:12
Бадрууган гуайн тухай дурсамж бүр сэтгэлд нэг л дотно санагдах юм. Би Ууган гэж хүнтэй уулзаж ч байгагүй хэрнээ маш дотно явсан хүн шиг санагддаг юм. Түүнийг өөд болчихлоо гэдгийг фм радиогоор сонсоод хачин болчихож билээ. Ерөөсөө таньдаггүй хүний төлөө нэг л сонин маягаар гашуудаж байсан юмдаг. Золоо ахдаа баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй