Шууд Chart

Ясна Шекарич гэж хэн бэ?

2017-09-17 20:14:38

Олимпийн наадмын 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт, Дэлхийн аваргын 3 алт, 1 мөнгөн медальт, Европ тивийн 5 удаагйин аварга, 3 мөнгө, 3 хүрэл медальт Сербийн алдарт тамирчин Ясна Шекарич.

Үндсэн төрөл: Спорт гар бууны 25 метрийн зай, хийн гар бууны 10 метрийн зай

Ясна Шекарич 1965 оны 12-р сарын 17-ны өдөр тухайн үеийн Югаслав улсын харьяа Зөвлөлт социалист Серби улсын Белград хотноо төржээ. Гэвч тэрээр хүүхэд ахуй насаа Югаслав улсын харьяа Зөвлөлт социалист Хорват улсад өнгөрүүлсэн байна. Тэрээр анх урт буугаар хчиээллэдэг байсан бөгөөд багадаа сургуулийнхаа аваргаар тодорч байсан төрөлхийн авьяастай нэгэн байжээ. Гэвч удалгүй гар бууны төрлөөр хичээллэх болж, 1990 онд эргэн Белград хотод ирж, түүний ур чадвар, амжилтууд жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байсан байна. Хожим нь тэрээр 1988, 1994 онуудад улсынхаа оны шилдэг тамирчны шагналыг хүртэж байжээ.  

Ясна Шекарич анх 1988 онд БНСУ-ын Сеүл хотноо болсон зуны олимпийн 24-р наадамд 23 настайдаа оролцож байлаа. Ясна улмаар энэ олимпийн наадамд өөрийн төрөлх авьяас, ур чадвараа дэлхий дахинд толилуулж, 10 метрийн хийн гар бууны төрөлд аваргын алтан медаль, спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм.

Дараагаар нь 1992 оны Барселоны олимпд тэрээр 10 метрийн зайн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадмын алт, мөнгөн, хүрэл медальт тамирчин болж байв. Улмаар 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпийн наадмуудад 10 метрийн зайн хийн гар бууны төрөлдөө тус тус мөнгөн медаль хүртэж, олимпийн наадмын 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт тамирчин болсон түүхтэй.

Ясна Шекарич буудлага спортын алтан номд бичигдсэн агуу тамирчин. Түүний хувьд буудлага спортын түүхэнд 5 олимп дараалан эхний 5 байрт шалгарч, шигшээ шатанд шалгаран өрсөлдсөн цэнхэр гарагийн цорын ганц тамирчин юм. Тэрээр 22-46 насандаа 1988-2012 оны олимпийн наадмуудад оролцохдоо 24 жилийн хугацаанд 7 олимпд оролцсон, нэрт мэргэн буудагч. Ингэхдээ тэрээр 7 олимпд 4 өөр тугийн дор оролцож байсан нь түүний амжилтын зам мөр тйич дардам байгаагүйг илтгэнэ. Буудлагын спорт хэдий "урт настай" спорт ч гэлээ тамирчин хүнээс байнгын тогтвортой бэлтгэл сургуулилт, амьдралийн зөв хэв маяг, өндөр форум буюю бэлтгэлжилт, анхаарал, сэтгэл зүй гээд маш их зүйлийг шаарддаг. Энэ бүхний хажуугаар улс орны үймээн самуун, дайн тулаан, эмх замбараагүй байдлын хажуугаар энэ тогтвортой амжилтыг гаргана гэдэг агуу гэхээс өөр тайлбаргүй. Югаславын дайны хүнд хэцүү байдлыг хэдэн мянган хүн, үй олноор европын бусад орнууд руу дүрвэж, эх орноосоо оргон зугтаж байснаас л билээхэн харж болно.

Шекаричийн хувьд 1988 оны Сеүлийн олимпд Югаслав улсын нэрийн өмнөөс оролцож байсан ч 1992 оны Барселоны олимпийн наадмын үед Югаславын дайн болж, энэ улс задран бутарсанаар энэ олимпд Олимпийн наадмын билэг тэмдэг болсон 5 цагариг дор, ямар нэгэн улсад харьяалалгүйгээр тухайн олимпдоо оролцож байв. Улмаар дараах 3 олимпд нь Серби, Монтенегро улсын нэрийн өмнөөс  орж, сүүлийн 2 олимпдоо буюу 2008, 2012 оны олимпд төрөлх Себри улсын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцож байсан түүхтэй юм.

Тэрээр мөн 2008 оны Бээнжингийн олимпийн нээлтийн ажиллагаанд улсынхаа тугчаар оролцож байсан талаараа  "Би 1988 оны олимпиос алт, хүрэл медаль авсан учир 1992 оны олимпод тугч болно гэж бодож байлаа. Гэтэл надад 2008 оны Бээжингийн олимпод л тугч байх боломж олдсон. Энэ нь ч надад их билгэшээлтэй санагдсан. Учир нь өмнөх 5 олимпод оролцохдоо бид өөр өөр далбаан дор жагсаж байсан бол Бээжингийн олимпод анх удаа Серби улсынхаа нэрийн дор оролцсон. Улсаа төлөөлж, тугч болно гэдэг хамгийн нэр хүндтэй үүрэг" хэмээсэн байна. Мөн тэрээр одоо спортоо орхисон ч сайн дасгалжуулагч болохоор хичээж байгаа гэлээ. Одоо түүний хамгийн ойрын зорилго 2020 оны Токиогийн олимпийн наадамд дасгалжуулагчаар оролцох гэнэ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Ясна Шекарич гэж хэн бэ?  
Үзсэн: 2900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй