
Сар хүрэхгүй хугацааны өмнө чөлөөт бөхийн ДАШТ болж, ОУХМ П.Орхон энэ жилийн найм дахь дараалсан түрүүгээ хүртэж, Литвийн Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо. Тэрбээр 2014 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
П.Орхон чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар 2014 онд, Г.Отгонжаргал энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн билээ.
2017 ОНД ТҮРҮҮЛСЭН ТЭМЦЭЭНҮҮД
- Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, АЛТ
- Иван Ярыгины нэрэмжит 'Алтан гран при' тэмцээн, АЛТ
- Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээн, АЛТ
- 'Монголиа Опен' олон улсын тэмцээн, АЛТ
- Польшийн нээлттэй тэмцээн, АЛТ
- Испани, Мадридын Гранпри тэмцээн, АЛТ
- Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, АЛТ
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялж, түрүүлэх болзол хангасан.
Өчигдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Н.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байрт бичигдэв.
Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д П.Сүрэн, маргааш 75 кг-д П.Номин-Эрдэнэ нар барилдана.
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүллээ | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.