Шууд Chart

Заалны барилдаанд 10-аас дээш удаа зодоглож гэмээн улсын наадамд хүч үзнэ

2017-10-04 10:46:10

МҮБХ-ноос өнгөрсөн есдүгээр сарын 27-нд шинэ журам баталжээ. Энэхүү журам нь Монголын бөхийн өргөөнд болдог Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой журам байлаа.

Журмыг бүхэлд нь харвал өмнө хийгдэж байгаагүй олон шинэлэг зүйлс тусгагджээ. Холбооны тэргүүлэгчид өндөр цолтнуудыг зөвхөн шахах бус, шагнал урамшуулалын нөхцөлийг давхар оруулж өгсөн байна.

Энэхүү журам нь энэ сарын 8-аас эхлэн хэрэгжэж эхлэх бөгөөд эхний барилдаан нь ням гарагт болох Баянзүрх хайрхны хишиг барилдаан аж.

Ийнхүү уншигч танаа шинэ журмыг бүрэн эрхээр нь хүргэе.

 

Yндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам:

 

МҮБХ-ны тэргүүлэгчдийн 2017 оны есдүгээр дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор батлав.

 

Нэг. Зорилго


  1. Наадмаас наадмын хооронд МБӨ-нд зохион байгуулж буй барилдаанд улсын цолтой бөхчүүдийн барилдах оролцоог нэмэгдүүлэх,

  2. Бөхчүүд бэлтгэлээ чамбайруулж, байнга барилдан өөрсдийн барилдааны ур чадвараа нэмэгдүүлэн, улмаар богино хугацаанд цолоо батлах, ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэх,

  3. Барилдааныг шимтэн үзэх үзэгчдийн таашаал сонирхлыг ханган Монгол үндэсний бөхийн барилдааны болон бөхчүүдийн нэр хүндийг улам өсгөх,

  4. Наадмаас наадмын хоорондох нийт барилдааныг хугацааны хувьд есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн хоёр үечлэлд хуваан үечлэл бүрд бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцох.

 

Хоёр. Шаардлага


  1. Наадмаас наадмын хооронд МБӨ-нд болох барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцон барилдах барилдааны хувийг дараах байдлаар тогтооно. Үүнд: 
    А. 35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.

Б. 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь/10 удаа/-д оролцон барилдана.

В. 29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь/14 удаа/-д оролцон барилдана.


  1. Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.

 

Гурав. Урамшуулал


  1. Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүрд дараах нэмэгдэл урамшууллыг олгоно.

Үүнд:
А. Аварга цолтонд 330 000 төгрөөг,

Б. Арслан цолтонд 220 000 төгрөг,

В. Гарьд цолтонд 110 000 төгрөг.


  1. Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн хоёр бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал (нийт дөрвөн бөхөд олгоно) .

  2. Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн нэг бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно. 

  3. Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно(нийт 8 бөхөд олгоно).

  4. Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн нэг бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.


Дөрөв. Хариуцлага


  1. Жил бүрийн есөөс арваннэгдүгээр сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

  2. Жил бүрийн есөөс арваннэгдүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд арваннэгдүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

  3. Цагаан сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд дөрвөөс долдугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. 

  4. Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

  5. Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана.

 

Жич:
1. Барилдах тоогоо гүйцээхдээ нэмэлт хоёр барилдаанд барилдсаныг хуваарьт нэг барилдаанд барилдсантай адилаар тооцно.

  1. Барилдаанд оролцсон боловч барилдааны дүрэм болон жудгийн журмыг зөрчин барилдаанаас хасагдсан бөхийг уг барилдаанд оролцоогүйгээр тооцно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Заалны барилдаанд 10-аас дээш удаа зодоглож гэмээн улсын наадамд хүч үзнэ  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй