Шууд Chart

Эзнээ хүлээсэн иргэний үнэмлэх

2017-10-16 10:07:17

-АНУ-д эмчлүүлэхээр явуулсан хүү нь 10 гаруй жил сураггүй болжээ-

Одоогоос 15 жилийн өмнө Багахангай дүүргийн иргэн Лхамаа өөрийн 5 настай хүүг Баянзүрх дүүрэгт байрлах асрамжийн газарт өгсөн байна. Хүүгийн нуруу нь бөгтгөр, рахиттай байсан болохоор сүмийн асрамжийн газарт эмчлүүлэхээр өгсөн гэж ээж нь хэлсэн. Гэвч асрамжийн төвд өгсөн хүүхэд нь 10 гаруй жилийн турш сураггүй болжээ.

“Улаанаа гэж дууддаг байсан. Би эмээ нь байгаа юм. Одоо эсэн мэнд байвал 20 настай том залуу болсон байх. Хотод сүм гэл үү нэг цуглааны газар байхад нь уулздаг байсан ч одоо хаана байгааг нь ч мэдэхгүй байна. Миний амины хүүхэд байгаа юм. Амьддаа л уулзчихмаар байна” гэж хүүгийн эмээ Нэргүй ярьж байна.

Асрамжийн төвд өгсөн хүүхэд нь 10 гаруй жилийн турш сураггүй болжээ.

Зээ хүүтэйгээ сүүлд сүмд байхад нь уулзсан. Эмээ та намайг эндээс аваад явчих гэж гуйдаг байсан. Одоо очиж уулзъя гэхээр тэр сүм нь олдохгүй байна гэлээ.

Баримт-1: Ээж нь хүүгээ 2002 онд Баянзүрх дүүргийн “Нотре Даме” шашны байгууллагад өгсөн. Харин хүүг 2007 оны 02-р сарын 4-ний өдөр "Буянт-Ухаа" онгоцны буудлаас Улаанбаатар-Бээжин чиглэлийн аяллын онгоцоор авч явсан нь тогтоогдож байна.

Сураггүй болсон хүүг 2007 оны 02-р сарын 4-ний өдөр "Буянт-Ухаа" онгоцны буудлаас Улаанбаатар-Бээжин чиглэлд СА-902 дугаартай аяллын онгоцоор улсын хил гарсан гэж Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлсэн. Гэхдээ бага насны хүүхдийг хэн харгалзаж, ямар зорилгоор авч гарсан нь тодорхойгүй байна.

Хүү 1997 онд төрсөн. 5 нас хүртлээ ээж, аавтайгаа Багануур дүүрэгт байсан. Дараа нь ээжтэйгээ хамт Баянзүрх дүүрэгт ирсэн байна. Тухайн үед хүүгийн нуруу нь бөгтгөр, эмнэлгийн оношоор бол рахиттай байсан. Ийм болохоор “Хүүгээ Баянзүрх дүүргийн 3-р төрөх эмнэлгийн хажууд байрлах асрамжийн төвд эмчлүүлэхээр өгсөн” гэж хүүгийн ээж Лхамаа хэллээ.

Таван настай байхад нь асрамжийн газарт өгснөөс хойших гурав, дөрвөн жилийн хугацаанд хүүгээ эргэж тойрдог байсан байна. Харин хүүг 2007 онд АНУ руу эмчлэхээр авч явахдаа “Танай хүүхдийг 18 нас хүрэхээр нь эмчлээд авчирч өгнө” гэж хэлсэн байна. Гэтэл 2013 оноос эхлээд сүмийн үйл ажиллагаа зогссон. Үүнтэй давхцаад хүүтэйгээ ч холбоо барьж чадахаа больсон гэлээ. Хамт явсан хоёр хүүхэд нь буцаж ирсэн. Танай хүүхдийн бие муу байсан, эндсэн байж магадгүй гэж хоёр жилийн өмнө сонссон байна. Ингээд Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст ханджээ. Тус хэлтсийн эрх зүйч, мэргэжилтэн Анхбаярын хэлснээр энэ асрамжийн газар нь Баянзүрх дүүрэгт Францын хөрөнгө оруулалттай “Нотредам” халамж асрамжийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна. Харин шашны үйл ажиллагаа явуулдаг уу, эсвэл үнэхээр халамж асрамжийн төв үү гэдэг нь тодорхойгүй байна. Тухайн үед асрамжийн төвд ажиллаж байсан ганц монгол багш болох Алтантуяатай холбоо барих боломжгүй байсан гэж Багахангай дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээлсэн. Иймээс бид энэ талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс тодрууллаа. Тус хэлтсийн даргын хэлснээр “Энэ байгууллага ямар зорилгоор, хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулсан зэрэг нарийн мэдээлэл байхгүй. 2013 онд татан буугдахдаа тог цахилгааны мөнгөө төлөөгүй явсан байна лээ. Үүнээс болоод бид ч гэсэн хайж байна” гэсэн тайлбар өглөө.

“Танай хүүхдийг 18 нас хүрэхээр нь эмчлээд авчирч өгнө” гэж хэлсэн байна...

Иймээс бид тухайн үед “Нотредам” асрамжийн газарт ажиллаж байсан Сараа гэх эмэгтэйтэй уулзаж, асуухад “Өнчин, гудамжинд орхисон есөн сартайгаас 10 гаруй насны 20-иод хүүхдийг хоол унд, байр саваар хангадаг байсан. Нэг франц лам, хоёр гэлэнмаа, надтай хамт нэг монгол эмэгтэй тавуулаа байсан. Би 2 сар л ажилласан. Харин ямар нэг эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэггүй байсан” гэдгийг батлан хэллээ. Ингээд бид нэвтрүүлэг бэлтгэх явцдаа тус асрамжийн газрын албан ёсны зөвшөөрлийг олж чадсан юм. Энэ асрамжийн газар нь Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар 2002 онд албан ёсны гэрчилгээгээ авсан байдаг. Энэ гэрчилгээнд “Фрактерните Нотре Даме”-шашны байгууллага гэж бүртгэжээ.

Мөн Монгол Улсад олон улсын болон гадаад улсын ТББ-ын салбар төлөөлөгчийн газар нээх зөвшөөрлөө 2011 он 07-р сарын 03-нд авсан байна. Тодруулбал, БНФУ-д төвтэй “Фрактерните Нотре Даме” төлөөлөгчийн газрыг “Буяны үйл ажиллагаа өнчин ядуу хүмүүст тусламж үзүүлэх зорилготой” байгуулахыг Гадаадын иргэн харьяатын газраас зөвшөөрсөн байна. Тэгвэл өнчин ядуу хүмүүст туслах зорилготой энэ шашны байгууллага хүүд үнэхээр туслахыг хүссэн бол 18 нас хүрэхээр нь авчирч өгнө гэж ээжид нь хэлсэн амлалтаа яагаад мартав. Одоо 20 настай болсон гэх тэр хүү эсэн мэнд байна уу... Энэ мэдээллийн мөрөөр “Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлэг үргэлжилж байна.

Баримт-2: Баянзүрх дүүргийн прокурорын газраас хүүгийн ээжийн гаргасан гомдлыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Харин сураггүй болсон хүү нь АНУ-ын Вашингтон хотоос Монгол Улсын иргэний цахим үнэмлэх авах хүсэлтээ Багахангай дүүргийн бүртгэлийн хэлтэст илгээсэн байна.

18 настай болоод л ирнэ гэсэн хүүгээ хоёр жил хүлээлээ. Хамт явсан хоёр хүүхэд нь буцаад ирсэн сураг дуулдсан. Хүү минь амьд болов уу гэсэн бодол эхийн сэтгэлээс гарахгүй. Харин түүнд хүүгээ эсэн мэнд байгааг харах нэг боломж гарч ирсэн нь хүүгийн иргэний үнэмлэх авах хүсэлт байлаа.

Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтэст сураггүй болоод байгаа гэх хүү Монгол Улсын иргэний цахим үнэмлэх авах захиалгаа АНУ-ын Вашингтон хотоос ирүүлсэн байна. Энэ мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нягтлан үзэхэд Raphael10@aol.com цахим хаяг. Мөн 9176129180 дугаарын утас байсан байна. Тэд тус цахим хаяг руу зурвас илгээж, гар утас руу нь залгасан байна. “Гар утас руу нь залгахад нэг эмэгтэй хүнтэй холбогдсон. Тэр хүн “Амарч байхад амгалан тайван байдал алдагдууллаа гэж уурласан. Тэгээд хүү унтаж байгаа. Сэрэхээр нь эргээд холбогдъё” гэж хэлсэн ч дахиж залгаагүй. Цахим хаяг руу нь зурвас илгээсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй” гэж Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эрх зүйч, мэргэжилтэн Анхбаяр ярилаа.

Иймээс гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хүүгийн захиалгын дагуу цахим үнэмлэхийг нь хэвлэсэн гэлээ. Ингээд захиалсан хаягийн дагуу эргээд зурвас илгээхэд хариу ирүүлээгүй учраас цахим иргэний үнэмлэхийг нь ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Харин ээж нь хүүгээ олохын тулд цагдаагийн байгууллагад ханджээ. Түүний гомдлыг Багахангай дүүргийн цагдаагийн тасагт шалгаж үзээд, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн байдаг. Тус хэлтсээс гомдол мэдээллийг шалгахад байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байна.

Хүү Монгол Улсын иргэний цахим үнэмлэх авах захиалгаа АНУ-ын Вашингтон хотоос ирүүлжээ.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаж үзээд: Гомдол гаргасан иргэний хүү нь 18 насанд хүрсэн иргэний харьяаллын асуудлыг өөрийн хүсэлтийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй байна. Хүн худалдаалах гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзлээ гэсэн байна. Иймээс иргэн Лхамаагийн шалгуулахаар гаргасан “Хүүг минь олж өгнө үү” гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, сураггүй алга болсон гэх хүү өөрөө насанд хүрсэн учраас гомдол гаргах эрхтэй. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн шинжгүй гэж цагдаагийн байгууллага дүгнэсэн байна. Харин ээжийн хувьд “Би хүүгээ амьд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалж чадах эсэхийг нь ч мэдэхгүй байна” гэлээ.

Биднийг нэвтрүүлэг бэлтгэж байх үеэр АНУ дахь Монголын Элчин сайдын яамнаас хүүгийн асуудлаар ээжтэй холбогдсон байна. Ээжийн хэлснээр “Танай хүү суумгай болсон. Тэргэнцэр дээр суудаг. Одоо Чикагод байдаг. Би аравдугаар сар гаргаад Вашингтоноос Чикаго явна. Та энд ирэх боломжтой юу“ гэж асуусан гэлээ.

Иймээс АНУ дахь Монголын элчин сайдын яамнаас энэ мэдээллийг тодруулахаар Консулын газар хандсан боловч “Хувь хүний нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ээж өөрөө хүсэлтээ гаргах эрхтэй. Эсвэл танай байгууллага албан бичиг өг" гэсэн хариулт өглөө. “Баримт” нэвтрүүлгийн баг энэ талаар эргэж мэдээлэх болно.

Миний хүү их хөөрхөн ааштай. Их авьяастай, өөрөө дуу зохиогоод дуулчихдаг байсан. Одоо том нүдтэй бүлтийсэн, над шиг л залуу болсон байх. Хааяа ирчихсэн байна гэж зүүдэлдэг. Үхтэл үр харам гэдэг. Эх, үрийн амьдын хагацал гэж л энэ байх. Хүүтэйгээ л уулзчих юм сан” гэх ээжийн үгээр "Баримт" нэвтрүүлгийн ээлжит дугаараа жаргааж байна.

Нэвтрүүлгийг  ЭНД дарж сонсох боломжтой.  

МҮОНР-ийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

 

Нийтэлсэн: Баримт

Эзнээ хүлээсэн иргэний үнэмлэх   
Үзсэн: 11063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй