
“Хайрын өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл судлаач Ц.Шинэдолгор эцэг, эхчүүдэд хандаж алдрай бяцхан үрстэйгээ хэрхэн цаг гаргах, яаж харьцвал зохилтойг зөвлөсөн юм.
ХҮҮХДЭЭ СОНС:
Та хүүхдээ хэр их сонсоно, хайраа тэр хэмжээгээр харуулж байна гэсэн үг. Эцэг эх өөрийг нь сонсож буйг мэдэрсэн хүүхэд, хайрлаж байна гэж боддог. Тэд маш их аз жаргалыг мэдэрдэг. Та гар утас, телевиз, компьютер харалгүйгээр 100 хувь хүүхэддээ анхаарал хандуулан түүний ярьж буйг сэтгэл хөдлөлтэйгээр хэдэн минут сонсдог вэ. 30 минут бол та хүүхэддээ 30 минут хайр энхрийлэл үзүүлдэг гэсэн үг, гурван минут бол гуравхан минут л гэсэн үг. Та өдөрт ядаж 30 минут хань ижил, үр хүүхдүүдтэйгээ тойрон суугаад бяцхан үртэйгээ ярилц, тогло. Өдөр бүр ийм байвал таны хүүхдийн зан араншин, үйл хөдлөл, сурлага хөдөлмөрт маш хурдан эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгээрэй. Амьдралынхаа утга учир болсон үрсээ хүндэтгэлтэйгээр, сэтгэл хөдлөлтэйгээр сонсох хэрэгтэй.
ХУДАЛ ХЭЛЭХИЙГ ЗӨВӨӨР ОЙЛГУУЛАХ ГЭЖ ОРОЛД:
Хүүхдийн худал ярих нь тийм ч ноцтой зүйл биш. Юуны өмнө та өөрөөсөө асуугаад үз. Хүүхдээ дуугаа өндөрсгөн загнаж, сургааль уншиж эсвэл шоолж доромжилдог юм биш биз. Хэрэв тийм бол хүүхэд худал ярьж таныг уурлуулахгүйг хичээдэг тал бий. Сэтгэл судлаачид хүүхдийн худал хэлж байгааг шууд илчлэх гэж оролдохыг буруу гэж үздэг. Харин үүний оронд худал ярих нь сайн зүйл биш гэсэн бодлыг хүүхдэд төрүүлж ойлгуулахыг хичээх хэрэгтэй.
“БОЛОХГҮЙ” ГЭДЭГ ҮГИЙГ АЛЬ БОЛОХ БАГА ХЭЛ:
Бага насны хүүхдүүд “Миний нэрийг “Болохгүй” гэдэг юм байх даа” гэж боддог байх даа хөөрхий. Дандаа л болохгүй, болохгүй, боль, боль. Болохгүй гэсэн шаардлага аль болох цөөн байх нь зөв. Үүнийг хамгийн эелдэгээр хэлэх нь зүйтэй. Мөн эцэг, эх хоёр хоорондоо санал нэг байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав нь болно гээд байвал хүүхдэд буруу үлгэр дуурайл болно. Болохгүй зүйл хийх гэвэл заавал учир шалтгааныг нь тайлбарлаж өгч, аюулгүй байдлыг хангах ёстой. Тухайлбал манайхан хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахдаа “Хүүе гүйж болохгүй, гараас хөтөл” гээд л хашхирч өгнө дөө. Харин та ногоон гэрлээр гарах ёстойг тайлбарлан өгч, хүүхдээсээ шаардлагагүйгээр тусламж гуйж бай. Жишээ нь “Миний гараас хөтлөөч, тэгэхгүй бол ээж нь айгаад байна” гэх мэт.
ХҮҮХЭДЭЭ МАГТААЛД УМБУУЛ:
Та хүүхдээ бүтэн долоо хоногийн турш магтаад үз. Ямар өөрчлөлт гарч байгааг нь сайн ажиглаарай. Магтаал сайшаал дундаас амжилт бүтээл л бий болно. Бид үргэлж гаргасан алдааг нь хамгийн түрүүнд олж хардаг. Хүүхдийнхээ дэвтэрийг нь дэлгэж үзээд мэдэхгүй юм байвал асуугаад хичээлийнх талаар ярилцаарай. Харин бид эсрэгээрээ яасан муухай бичдэг юм бэ, энийг яагаад алдсан юм гээд л заах бус зандарч өгдөг.Үүний оронд алдааг нь ойлгуулахыг хичээ. Тиймээс та байнга дэвтэрийг нь үзээд магтаж сайшаавал хүүхдийн бичиг гоё болно, илүү хичээж суралцана шүү дээ.
ХҮҮХДИЙНХЭЭ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛИЙГ ДЭМЖ:
Таны хүүхэд юм хийлгэлгүй заавал оролцох гээд байдаг уу. Тэгвэл үүнийг суралцах таатай орчин болго. Жишээ нь хүүхдүүд ихэвчлэн хоол хийж байхад гурил элдэнэ. Ногоо арилгана гээд л ажлын садаа болдог доо. Тэгвэл хүүхдийнхээ чадах зүйлийг хийлгэ. Тэд хөөрхөн булцгар гараараа танд ногоо угааж өгсөндөө маш их сэтгэл ханамжтай байх болно. Учир нь ээждээ тусалж чадлаа. Харин хүүхдээ дэмжих санаачлагыг өөртөө аваарай.
Үүнд төмсөө угаагаарай гэхийн оронд оюун ухаан, танин мэдэхүйг хөгжүүлэх үүднээс бөөрөнхий шар өнгөтэй төмсөө угаагаарай, улбар шар лууванг аваад өгөөрэй, хэдэн төмс байна вэ гэдгийг мэдэх болно. Хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйг хөгжүүлэх нь маш энгийн зүйлээс эхэлдэг.
БУСДААС БУРУУГ ХАЙХ БОЛОМЖ БҮҮ ӨГ:
Хүүхэд бүдрээд унахад манайхан "Энэ муу газраас боллоо. Ээж нь бай бай гэе" гээд буруу үйлдэл хийдэг. Энэ нь хүүхдэд бурууг бусдаас хайдаг зан үйлд сургана. Түүний оронд түүнтэй том хүн шиг харьц. “Миний хүү тойроод явж болох байсан, болгоомжтой явах хэрэгтэй” гэх мэтээр ойлгуулаарай. Мөн дээрх зөвлөмжийг одооноос эхлэн хэрэгжүүлээрэй.
Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ чадах зүйлийг хийлгэ | ||
Үзсэн: 2937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.