
Ёкозүна Кисэносато гэмтлийн улмаас кюүшюү башёг орхихоор болжээ. Түүний харьяалагддаг дэвжээний ояката Таганоура өнөөдөр буюу башёгийн 10 дахь өдөр Японы сүмогийн холбоонд ёкозүнагийн эрүүл мэндийн тодорхойлолтыг өгсөн байна.
Эмчийн бичигт дурдсанаар Кисэносато нуруу болон зүүн хөлийн шагайндаа бэртэлтэй байгаа. Иймд сарын турш амарч, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ.
Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато тийнхүү дөрвөн башё дараалан өнжих болж байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.
Өдгөө Фүкүокад үргэлжилж буй кюүшюү башёгийн есөн өдрийн дараах байдлаар тэр дөрвөн даваа, таван унаатай байсан юм. Таван удаа өвдөг шороодохдоо бүгдэд нь маэгаширад эрэмбэлэгдсэн цол доогуур бөхчүүдэд унажээ. Ёкозүна цолтон нэг башёд тав ялагдсан тохиолдол орчин цагийн сүмогийн түүхэнд ердөө нэг байдаг нь Мусашимару аварга аж.
Кисэносато хэрэв ирэх оны тэргүүн башёд тааруухан амжилт үзүүлбэл зодог тайлах тухай асуудал яригдаж болзошгүй гэжээ.
Ёкозүна Кисэносато зодог тайлж болзошгүй | ||
Үзсэн: 1626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.