
Нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж буй ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн хэргийг энэ оны сүүлээр прокурорын байгууллагад шилжүүлэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй талаар цагдаагийн эх сурвалж мэдээлжээ.
Ёкозүна Харүмафүжи оргон зайлах, эсвэл нотлох баримтыг устгах боломжгүй тул баривчлан саатуулах үндэслэлгүй гэж үзэж, гадуур байцааж байгаа аж.
Харүмафүжи өнгөрсөн долоо хоногт цагдаад байцаалт өгөхдөө Таканоиваг алгадаж, гараар цохисон, мөн караокены машины удирдлагаар цохисон гэж мэдүүлсэн байна. Харин Таканоива хатуу биетээр цохиулсны улмаас толгойдоо гэмтэл авсан гэх эмчийн дүгнэлт гарсан юм.
Таканоива өөрөө Харүмафүжийг цохих үед нүдээ аньсан байсан тул хэргийн талаар тодорхой санахгүй байгаа гэж мэдүүлсэн гэнэ.
Өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Японы Тоттори хотод болсон дээрх явдлын үеэр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын зэрэг Монгол бөхчүүд, мөн япон сүмочид бас байсан аж. Хэрэгт холбогдуулан их аварга Хакүхо, Какүрюү нараас ойрын хугацаанд мэдүүлэг авах тухай эх сурвалж мэдээлжээ.
Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл мөн дээрх хэргийг шалгаж буй бөгөөд арваннэгдүгээр сарын 26-нд кюүшюү башё өндөрлөсний дараа холбогдох хүмүүст зохих шийтгэлийг оноох бололтой.
Харүмафүжи Д.Бямбадоржийг гадуур байцаахаар болжээ | ||
Үзсэн: 2257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.