Шууд Chart

“Их дуулга”-аас хамгийн анх Д.Баттулга медаль хүртсэн түүхтэй

2017-11-22 16:07:22

“Чингис хаан” одонт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин Д.Баттулга нар.

Японы нийслэл Токио хотноо ирэх арванхоёрдугаар сарын 2-3-нд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болох гэж байна.

“Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг энэ тэмцээнд одоогийн байдлаар 65 орны эрэгтэй 266, эмэгтэй 186 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Нутгийн эзэн, жүдо бөхийн эх орон Японы шигшээ баг жин тус бүрт дөрвөн бөх барилдуулах юм. Жүдогийн эх орны тамирчид ч өөрсдөө Токиогийн “Их Дуулга”, УАШТ-дээ түрүүлэх нь дэлхийн аваргад ялахаас хэцүү гэж ярьдаг билээ.

Тус тэмцээн 1978 оноос эхтэй. Орчин үеийн жүдогийн үндэс суурийг тавьсан Кодоканыг үүсгэн байгуулагч Кано Жигорогийн гавьяаг мөнхлөн дуурсгах, жүдо бөхийг дэлхий дахинд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор анх зохион байгуулагдсан юм.

1978 оны арваннэгдүгээр сард болсон анхны тэмцээнд зөвхөн эрчүүд хүч сорьсон. “Jigoro Kano Cup Tokyo International Judo Tournament” нэртэй байсан ч энэ үед тус тэмцээнийг “Жүдо бөхийн олимп” гэж нэрлэдэг байлаа.

Үнэхээр ч жүдочдын хувьд “Кано Цом”-д түрүүлэх нь олимпийн аварга болсон мэт нэр хүндтэй хэрэг байв. Ялангуяа гадаадын бөхчүүд түрүүлэхэд тун хэцүү гэдгээрээ алдартай. Гэхдээ тогтмол болдоггүй байсан тул “Кано Цом” 2008 он хүртэл эрчүүдийн дунд 14 удаа л явагдсан.

2006 оны гуравдугаар сард болсон Бүх Японы жүдо бөхийн холбооны хурлаар Фүкүокагийн эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнийг “Кано Цом” тэмцээнд нэгтгэх шийдвэр гаргаснаас хойш 2007 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэй жүдочид мөр зэрэгцэн барилддаг болсон юм. Тиймээс нэрээ өөрчилж, “KANO CUP Judo World Grand Prix” болон, жил бүрийн арванхоёрдугаар сард тогтмол явагдах болсон билээ.

2009 оноос эхлэн IJF Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнд багтаж, “Токиогийн Их Дуулга” болон хувирсан түүхтэй. 1978-2006 онд “Nippon Budokan”, 2007 оноос “Tokyo Metropolitan Gymnasium” ордонд явагдаж байна.

БНАГУ-ын Дитмар Лоренц 1978 онд 95 кг-ын жинд түрүүлсэн нь тус тэмцээнд аваргалсан анхны гадаад бөх болсон юм. Харин “Кано Цом” тэмцээнд хамгийн анх медаль авсан Монгол жүдоч бол Дашгомбын Баттулга.

Тэрбээр 1990 онд 60 кг-д мөнгөн медаль хүртсэн. “Их Дуулга” нэртэй болсноос хойш медалийн нийт тоогоор Япон 82 алт, 54 мөнгө, 87 хүрэл, нийт 223 медальтайгаар тэргүүлж байна. Өмнөд Солонгос 10 алт, 13 мөнгө, 18 хүрэл, ОХУ дөрвөн алт, таван мөнгө, 12 хүрэл медальтай байна. Харин манайх нэг алт, нэг мөнгө, есөн хүрэл медальтайгаар наймдугаар байрт жагсаж байна.

Ирэх жил тэмцээн Осака хотод болно. Учир нь Токиогийн спорт цогцолбор олимпийн наадмын засварт орох юм. Ингээд ирэх жил бид "Осака Их Дуулга" тэмцээн үзэх болно.

Токио “Их Дуулга” (2009 оноос өмнө “Кано Цом”) тэмцээний медальт монгол бөхчүүд:

1990 он- Эр 60 кг Д.Баттулга мөнгөн медаль
1999 он- Эр 73 кг Х.Болдбаатар хүрэл медаль
2006 он- Эр 66 кг Х.Цагаанбаатар хүрэл медаль

2007 он- Эм 57 кг Х.Эрдэнэт-Од мөнгөн медаль
2010 он- Эр 66 кг Х.Цагаанбаатар хүрэл медаль
2011 он- Эр 66 кг Х.Цагаанбаатар хүрэл медаль

2012 он- Эр 73 кг Х.Цагаанбаатар хүрэл медаль, 100 кг Б.Тэмүүлэн хүрэл медаль

2013- Эм 48 кг М.Уранцэцэг мөнгөн медаль, 100 кг Н.Түвшинбаяр хүрэл медаль

2015- Эр 66 кг Д.Төмөрхүлэг хүрэл медаль, эм 57 кг Д.Сумьяа хүрэл медаль

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их дуулга”-аас хамгийн анх Д.Баттулга медаль хүртсэн түүхтэй  
Үзсэн: 2777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй