Шууд Chart

Д.Бямбадорж 2018 оны тэргүүн башёд тааруу барилдвал ёкозүна цолоо хураалгана

2017-11-27 11:41:07

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё өчигдөр өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртэж, рекорд амжилтаа ахиулав.

Ердийн жишгээр хэвийн эхэлсэн башёгийн хоёр дахь өдөр сүмогийн ертөнцийг донсолгосон дуулиан дэгдсэн юм. Сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи нутаг нэмэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр толгой тус газарт нь цохиж, хүнд бэртээсэн гэх мэдээлэл гарав. Таканоива биеийн байдлын улмаас башёд оролцохгүй гэж дэвжээнийх нь ояката шийдсэн бол Харүмафүжи дээрх дуулианы улмаас өөрийн хүсэлтээр башёг орхисон юм.

Дэвжээнд гарч барилдсан бөхчүүд, тэр тусмаа аварга хүний хувиар, бас нутаг нэгт Монгол хүний хувиар ёкозүна Хакүхо сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд башё болж өнгөрснийг хэлсэн юм.

“Энэ башёгийн үеэр сэтгэл зовоосон хэрэг явдал гарлаа. Сүмогийн бүх дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна” гэж Хакүхо 40 дэх ялалтынхаа дараа хэлжээ. Мөн тэрбээр “Би Харүмафүжи, Таканоива нарыг хоёул сүмогийн дохёд дахин гараасай гэж хүсч байна” хэмээгээд, башё өндөрлөсөн тул болсон хэрэг явдлын талаар үнэн мөнийг мэдүүлнэ гэлээ.

Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ч мөн “бараан сүүдэр” дор өнгөрсөн кюүшюү башёгийн төгсгөлд үзэгч, дэмжигчдээс уучлал эрэв. Тэрбээр “Үзэгч, дэмжигчдийн сэтгэлийг сэвтээж, таагүй байдал үүсгэсэнд сэтгэлийн угаас уучлал эрж байна” гээд, болсон хэрэг явдлын үнэн мөнийг аль болох хурдан тогтоохоо амлажээ.

Кюүшюү башё өндөрлөж, бөхчүүд биеийн болоод сэтгэл санааны хувьд завтай, боломжтой болсон тул Тотторид болсон явдлын үеэр хамт байсан сүмочдоос мэдүүлэг авч эхэлнэ гэж тус хотын цагдаагийн байгууллага мэдэгдээд байгаа.

Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканоханагийн гомдлын дагуу Харүмафүжигийн эсрэг хэрэг үүсгэж, шалгаж эхлээд байгаа юм. Хэрэгт холбогдуулан Харумафүжи, Таканоива нараас байцаалт, мэдүүлэг авчээ.

Мөн Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, холбооны зүгээс ямар арга хэмжээ, шийтгэл, шийдвэр гаргах нь зохистой талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх ажээ.

Ёкозүнагийн зөвлөл Харүмафүжигийн нэр холбогдсон хэргээс гадна башёг дундаас нь орхисон ёкозүна Кисэносатогийн тухай ч санал солилцох бололтой. Сүмогийн дээд цолд хүрснээс хойш таван башёгийн дөрөвт нь бүтэн барилдаж чадаагүй тэрбээр 2018 оны тэргүүн башёд тааруу барилдвал ёкозүна цолыг нь хураах хэмжээнд яригдана гэж ояката нар ярьж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Бямбадорж 2018 оны тэргүүн башёд тааруу барилдвал ёкозүна цолоо хураалгана  
Үзсэн: 2312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй