
Монгол Улсын гавьяат тамирчин ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнөөдөр өөрийн хүсэлтээр албан ёсоор зодог тайллаа. Монгол, Японы олон хэвлэл, мэдээлэлийн байгууллага түүнийг сайн, муугаар бичиж байна. Гэвч түүнийг хэрхэн өнөөдрийн өндөрлөгт хүрснийг тодруулсангүй. Иймд бид түүний талаар товч мэдээлэл бичлээ.
Харүмафүжи Коохэй 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн.
Уугуул нутаг нь Говь-Алтай аймгийн Чандмань сум. Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70, гадаадын тав, Монголын гурав дахь ёкозүна юм.
16 жилийн өмнө сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр 2008 оны арваннэгдүгээр сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан.
Өндөр 186 см, жин 137 кг. Хамгийн дээд цол нь ёкозүна (2012 оны 11 сараас). 2008 оны арваннэгдүгээр сарын башёд ёкозүна Хакүхотой үзүүр түрүү булаалдсан.
2009 оны тавдугаар сарын башёд Хакүхотой дахин нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлж байв.
Мөн 2011 оны долдугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны долоо, есдүгээр сард нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цолд хүрчээ.
Ийнхүү 2013 оны нэгдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, тэр жилийн арваннэгдүгээр сард түрүүлсэн юм. Түүний түрүү хүртсэн тоо найм. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ.
2009 оны зургадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын зарлигаар Монгол Улсын гавъяат Тамирчин цол хүртсэн юм.
Итгэл. Анх 2000 онд Японы мэргэжлийн сүмогийн Ажигава дэвжээний багш Монголд ирээд гурван хүүхэд шалгаруулж авчээ. Тэрний нэг нь 16 настай Д.Бямбадорж байв. Тэрбээр багаасаа барилдаж байсан учраас бөхийг мэднэ, хүчийг гадарлана гэж итгээд Японы сүмод хөл тавихаар шийджээ.
Ээжээс бусад нь бөх. Яах аргагүй бөхийн удамтай гэж Д.Бямбадоржийг хэлнэ. Түүний аав үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл дүү нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Энэ сайхан удам түүний их амжилтын цөм болсон нь мэдээ. Сайн аавын хүү учраас нэрийг нь хугалахгүй сайн бөх болж аав, ээжээ баярлуулна гэсэн эрмэлзэлтэй онгоцонд сууж, 2000 оны есдүгээр сарын 16-нд арлын Японд газардав.
Анхны нэр Ама: Ама нэр авсан Д.Бямбадорж 2001 оны нэгдүгээр сард анх гараанд барилджээ. Тэрбээр 2004 оны арваннэгдүгээр дүгээр сард Макүчи, 2006 оны тавдугаар сард Комүсүби цол хүржээ. Хэдий тийм ч амжилтаа бататгаж чадаагүйн улмаас Маегашира цолд буцан очжээ.
Баярт үйл явдлын гашуун нулимс: 2007 оны Хацү башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн харууслын нулимс байв. Магадгүй аавдаа энэ амжилтаа үзүүлсэн бол хэмээн бодсон ч байж болох. Олны хүндэтгэлийг хүртсэн улсын заан Р.Давааням гуай 2007 оны нэгдүгээр сард авто машины ослоор таалал төгссөн юм. Хэдий тийм ч хатуужил зоригийн эзэн Ама Хацү башёд 10:5-ийн амжилт үзүүлж Комүсүби цолоо буцаан авсан юм.
Зовлого зовохоос зорилго мохохгүй: Энэ үгийг Д.Бямбадорж хэлэх дуртай. Хичнээн зодуулж, бие нь ядарсан ч зоригоороо ялагдахгүй гэж хичээдэг байсныг хамт суралцсан нөхөд нь ярьдаг. Их аварга Д.Дагвадорж түүнд “Чи өрсөлдөгчөө ялъя гэж бодож байгаа бол түүнээс хоёр дахин илүү хөдөлмөрлө” хэмээн хэлжээ. Д.Бямбадорж нэгэнт хол ирснийх ээж, аавыгаа баярлуулна хэмээн ихэд хичээж, ахынхаа хэлснийг мөрдлөг болгосоор 2007 оны тавдугаар сард Секиваки зиндаанд хүрчээ.
Амархан олдоогүй озеки: 2008 оны нэгдүгээр сард Ама Хакүхог ялсан ганц бөх. Хэдий тийм ч дараах өдрүүдэд амжилттай барилдаж чадаагүйгээс итгэж хүлээсэн озеки цолд хүрч чадаагүй юм. Харин тус оны долдугаар сард нэг ч уналгүй түрүүлж, цаашдын башёд амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр озеки цолоо тунхаглажээ.
Хайртай нэрээ Харумафүжигаар солив: Түүний багш Ояката Озеки болсон мөчөөс эхлэн Амад Харүмафүжи хэмээх нэр өгчээ. Харү гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай, Ума бол хүлэг морь, Фүжи бол Японы сүрлэг хайрхан. Учир нь сүмод багшийн үг хууль. “Багш надад банан харуулаад энэ бол алим гэхэд би "Тийм ээ багшаа энэ алим байна" гэж л хэлнэ” хэмээн Харүмафүжи ярьжээ. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи билээ.
Зэвсэг: Бөх хүний зэвсэг бол яах аргагүй сайтар эзэмшсэн мэх билээ. Харүмафүжигийн үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ аж. “Гэхдээ сүмо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байдаг” хэмээн мэхийн эзэн дурсжээ.
Барилдааны нэг өдөр: Сүмочид барилдаантай өдөр эрт босч, тэмцээн эхлэхээс дөрвөн цагийн өмнө ордонд очсон байна. Ирээд бие халаалт, сэтгэл зүйн бэлтгэл хийнэ. Үсээ самнуулахад их цаг орно. Усанд орно. Дахиад л бие халаалт, хамгийн сүүлд дахин үсээ самнуулна. Үлдсэн минутанд чимээгүйхэн сууж анхаарлаа төвлөрүүлнэ. Харүмафүжи энэ ёсыг 16 жил мөрдсөн.
97-аас 126-д: Арлын Японд очсоноос гурван жилийн дараа буюу 19 настайдаа Макүчи зиндаанд ороход Харүмафүжи 97 кг жинтэй болжээ. Хоёр сарын дараа Жүрёод гарахдаа 10 кг таргалж, дээд зиндаанд гарахдаа 110 кг орчим жинтэй барилдаж байв. Одоо харин 126 кг жинтэй.
Ах нар: Анх Японд очиход алтан хараацай болсон ах нар маань байсан болохоор сайхан байсан хэмээн Ама хожим нь дурсжээ. Гэвч тэрбээр өдгөө Монголынхоо дүү нарын ах болсон.
Хамгийн дотно ах: Сүмогийн ертөнцөд түүний хамгийн дотны хүн бол багшаас гадна их аварга Д.Дагвадорж. Дагваа агаа өөрийнхөө туршлага хүмүүжлээс дүүдээ дандаа сургана. Харин тойрч гардаггүй жамаар ах, дүү хоёр олон удаа учраа таарчээ. Харүмафүжи ахыгаа 2008 онд ялахдаа сэтгэл өндөр байв. Учир нь аварга ахыгаа унагаасан ч энэ нь түүнээс сайн суралцсанаа харуулсан том бэлэг аж. Түүнийг Ёкозүна болоход их аварга "Lexus-570" машин бэлэглэж талархсан сэтгэлээ илэрхийлж байв.
Харамын сэтгэлийг хаасан хань: Д.Бямбадорж сүмогийн дүрмийн дагуу 2010 оны тавдугаар сард найз бүсгүйгээ багшдаа танилцуулж, зөвшөөрөл авчээ. Мөн л энэхүү дүрэм ёсоор тэр оныхоо есдүгээр сард сүй тавьж буй талаар хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Харүмафүжиг Монголчууд Япон бүсгүйтэй гэрлэчих вий хэмээх харамлаж байсан ч 2011 онд Монгол бүсгүйтэй гэрлэж элэг нэгтнүүдээ баярлуулсан юм. Нэгэнтээ аав нь миний хүү Монгол охинтой гэр бүл болоорой гэж захисныг тэрбээр хуримынхаа үеэр Японы сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Түүний эхнэр М.Баттуул Японы Иватэгийн их сургуулийг төгссөн.
Хүүхдэд хайртай аав. Харүмафүжиг Японы ард түмэн хүүхдэд хайртай, зөөлөн ханддаг гэдэг. Түүний маамуутай авахуулсан зургууд интернэтэд олон.
Түүний нууц авьяас: Тэрбээр “Бөх болоогүй байсан бол зураач болох байсан биз. Би зургийн сонгонд явдаг байхдаа зураач л болно гээд хатуу шийдчихсэн байсан юм. Одоо харин зураг зураад суух зав нэг их гарахгүй юм даа” хэмээж байв.
Аварга болов: 2012 оны есдүгээр сарын 23 бол Монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Тэр өдөр Хакүхо Даваажаргалыг давснаар нэг ч ялагдалгүй хоёр дараалан түрүүлж Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга болсон билээ. Монголын хүү Монголыг давж аварга болсон түүхэн өдрийг бид мартахгүй ээ.
Харүмафужи есдүгээр сарын 26-нд Ёкозуна цол хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ээж Мягмарсүрэндээ үнсүүлж бас нулимс унагаж байлаа. Тэр үед Р.Давааням зааныг байсансан бол хэмээн ялангуяа Говь-Алтайчууд баярлахын зэрэгцээ халаглаж байв.
Д.Бямбадорж: Зовлого зовохоос зорилго мохохгүй | ||
Үзсэн: 4296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.