
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод Монгол бөхийн “Алтан бүс” олон улсын барилдаан энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Уг барилдаанд эзэн орны бөх далай аварга Цагаанзаан түрүүлж “Алтан бүс”-ээ нутагтаа авч үлдэв.
Есөн орны 256 бөх оролцсон уг барилдаанд манай улсаас Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, М.Бадарч, улсын начин Б.Серик, аймгийн хурц арслан Н.Золбоо нар зодоглож, хоёроос тавын даваанд бүгд өвдөг шороодсон юм.
Анхны “Алтан бүс”-д улсын аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо, дараагийнхт улсын арслан П.Бүрэнтөгс, гурав дахь барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва нар түрүүлж байв.
Гэвч энэ жил нутгийн бөх түрүүлсэнд олон хүний анхаарлыг татаж байна. Иймд далай аварга Цагаанзаан гэгч хэн бэ гэдгийг товч танилцуулья.
Түүнийг Өвөр Монголын босоо аварга Цагаанзаантай андуурдаг аж. Босоо аварга Цагаанзаан зүүн үзэмчин хошууных, далай аварга Цагаанзаан баруун үзэмчин хошууных. Хоёулаа Шилийн гол аймгийн бөхчүүд гэнэ. Сайнаар ярьвал багш, шавь ч болохоор.
Далай аварга Цагаанзаан Шилийн голын бөхийн анги буюу Биеийн тамирын сургуулийг төгсчээ.
Сонирхуулахад Өвөр Монголд 2005 оноос бөхийн цол олгох боломж нээгджээ. Хамгийн дээд шагнал нь есөн цагааны барилдаан. 512-1024 бөх зодоглодог тус барилдаанд Баруун Үзэмчин хошууны далай аварга Цагаанзаан хоёр удаа түрүүлэн эзэн сүргийн угшил сайтай есөн цагаан хүлгээр шагнуулж байжээ.
Энэ нь манайхтай зүйрлэвээс Төрийн наадамд хоёр удаа түрүүлсэнтэй дүйцэхүйц юм. Мөн шинэ Барга хошууны цагаан сарын барилдаан, Хөх хотод болсон 256 бөх оролцсон Монгол бөхийн анхны наадам зэрэг барилдаанд түрүүлсэн аж.
“Алтан бүс”-ийн хоёр дахь удаагийн наадамд арслан П.Бүрэнтөгс түрүүлэхэд Цагаанзаан дөрөвт үлдэж байв. Тэрбээр Өвөр Монголдоо хүндлэгдсэн, манай хүчтэнүүдийн эртний танил юм.
“Алтан бүс” барилдаанд гурван удаа түрүүлсэн бөхийг Монгол мөнгөтэй харьцуулбал 300 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний юаниар урамшуулна гэжээ.
“Алтан бүс”-д гурван удаа түрүүлбэл 300 сая төгрөгтэй тэнцэхүйц юань гардана | ||
Үзсэн: 1734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.