
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд өчигдөр оролцлоо.
Монгол Улсын барилгын салбарт 1960-аад оны эхэн үеэс угсармал байшингийн үйлдвэрлэлийн эх суурь тавигдаж, улмаар 30 шахам жил хөгжих хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ нь Улаанбаатар хотод орон сууцны шинэ хорооллуудыг сүндэрлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ зууны шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа энэ цаг үед БҮК-1 төслөөр хэрэгжүүлэх угсармал барилгын үйлдвэрлэл ашиглалтад орж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.
Нээлтийн ажиллагаанд оролцогсод барилгын материалын үйлдвэрлэл, барилгын хөгжилд шинэ эрин үе нээж байгаа “Эрэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсцгээсэн юм.
“Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр аж. “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат төслийн хүрээнд барих угсармал барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэйгээс гадна дулаан алдагдал багатай учир эдийн засгийн хэмнэлттэйг онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд оролцлоо | ||
Үзсэн: 1644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.