Шууд Chart

Дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав

2017-12-21 15:14:15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, уг хуулийн шинэчилсэн найруулгын  төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын нэг төслийг боловсруулжээ. Мөн хуулийн төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, түүний бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллуулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан байна. Үүнээс гадна одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу олгосон тохирлын үнэлгээний итгэмжлэл нь гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх тухай заалт буюу шилжилтийн хугацааны зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг, хууль батлагдсантай холбогдуулан үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулж, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулж батлах, хуульд заасан дүрэм, журмыг 2018 оны  дугаар улиралд багтаан шинээр болон шинэчлэн батлах зэрэг зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.6 дахь хэсгийг үндэслэн холбогдох Байнгын хороод тус тусын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулсны дараа хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 45 нь буюу 80.4 хувь нь дэмжив.

Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 78.6 хувийн, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 80.4 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг баталлаа.


Дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав   
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй