Шууд Chart

Г.Отгонцэцэгийг ямар ч тэмцээнд явуулсан заавал медальтай эргэж ирдэг

2017-12-26 13:29:30

Казахстаны олимпийн хороо, Спортын яамнаас энэ онд байгуулсан спортын амжилтаа тайлагнажээ.

Казахстаны тамирчид зуны олимпийн төрөлд багтдаг спортын ДАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилд гарч байгаагүй муу үзүүлэлт болжээ. ДАШТ-ий медалийн тоогоор Азид “Их гурвал”-аас (Хятад, Япон, БНСУ) гадна Монголын багийн хойно орсон. Энэ талаар тэд “Саяхан болтол бид Монголыг өрсөлдөгч гэж үздэггүй байлаа” гэж бичжээ.

Байт харвааны эрэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын эхний шатанд алтан медаль хүртэж, энэ жилийг дэлхийн чансааны гуравдугаарт дуусгасан нь том амжилт байлаа. Туялзуур сэлэмний Руслан Курбанов Азид түрүүлж, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч, Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн нь Казахстаны туялзуур сэлэмний XXI зууны түүхэнд гарч байгаагүй амжилт.

Анх удаагаа Казахстаны биатлонч Дэлхийн цомын нийлбэр дүнгээр ТОП-20-д багтсан байна. 20 хүртэлх насны ДАШТ-д казах шатарчин охин хоёр жил дараалан түрүүллээ. Динара Садуакасова, Жансая Абдумалик нар насанд хүрэгчдийн чансааны эхний 30-д багтаж байна. 17 настай Элизабет Турсынбаева насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ-д 10-т орж, эх орондоо олимпийн хоёр эрх авчирсан байна. Маш их мөнгө зарж хийсэн Алматыгийн Универсиад наадам санхүүгийн тал дээр ч, нэр хүндийн тал дээр ч ашиг огт авчирсангүй.

Улсаас спортод зориулан гаргаж байгаа мөнгийг зарцуулах эрхийг ҮОХ-нд бүрэн даатгалаа. ҮОХ-ноос энэ жил анх удаагаа Оны шилдэг тамирчныг онлайн санал асуулгаар тодрууллаа. Гэхдээ нэг хүн хэдэн ч санал өгч болохоор зохион байгуулсан нь шударга бус үр дүн гарахад нөлөөлсөн. Ялангуяа зуны төрлийн оны шилдэг тамирчин шалгаруулах санал асуулгын сүүлийн хэд хоногт дугуйчин Алексей Луценко, боксчин Кайрат Ералиев нарын фэнүүдийн хооронд интернет дайн дэгдсэн билээ. Харин санал асуулгын эхний өдрөөс тэргүүлж байсан манай жүдоч Г.Отгонцэцэгийг Казахстанд дэмжигч цөөн байснаас тэр дөнгөж гуравдугаар байрт орсон. Санал асуулгын дүн Луценко-21506 голосов, Ералиев- 21262, Галбадрах-9633.

Гэхдээ манай тамирчин хоосон хоцроогүй. Г.Отгонцэцэг хоёр жил дараалан олон улсын том тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар шалгарч байгаа юм. Түүний талаар Казахстаны хэвлэлд “Г.Отгонцэцэгийг олимпийн наадам, ДАШТ, тивийн АШТ, Гран При, ер нь ямар ч тэмцээнд явуулсан заавал медальтай эргэж ирдэг, найдвартай тамирчин” гэж бичжээ.

Галбадрахын Отгонцэцэг

2016 он 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл
Парис Их Дуулга – алт
Дюссельдорф Гран При – мөнгө
Тбилиси Гран При – хүрэл
Самсун Гран При – алт
Азийн АШТ – алт
Баку Их Дуулга – хүрэл
Алматы Гран При – алт
Улаанбаатар Гран При – мөнгө
“Рио 2016” олимп – хүрэл
Абу Даби Их Дуулга – алт

2017 он 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл

Анталья Гран При – алт
Екатеринбург Их Дуулга – хүрэл
Азийн АШТ – мөнгө
Универсиад наадам – хүрэл
ДАШТ – хүрэл
Абу Даби Их Дуулга – хүрэл
Гаага Гран При - мөнгө

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэгийг ямар ч тэмцээнд явуулсан заавал медальтай эргэж ирдэг  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй