
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иен” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо.
Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан тэрбээр нэг ч уналгүй, найм давж, шинэ оны босгон дээр Монголчууддаа бэлэг барьлаа. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки, олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан юм.
Асашёорюүгийн эхний өрсөлдөгчид санаснаас хүчтэй өрсөлдөгч байж чадснгүй. Гэхдээ Котомицүкитэй хийсэн барилдаан үзүүштэй барилдааны нэг болов. Барилдааны дараа Котомицүки “Аваргатай дахин уулзсандаа баяртай байна. Өөрийн төлөвлөж байснаар барилдааныг эхлүүлсэн ч гэлээ харамсалтай нь ялагдлаа. Олон жилийн дараа аваргатай дэвжээн дээр дахин барилдана гэж санаж явсангүй. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Асашёорюү аварга хүчтэй гэдгээ дахин харууллаа” гэв.
Мөн тэдний барилдааныг сүмогийн барилдаантай төстэй болсныг тайлбарлагчид хэлж байв. Энэхүү нэвтрүүлэг эхлэхээс өмнө Асашёорюү, холимог тулаанч Боб Сапп нарын барилдаан хамгийн их анхаарал татаж байсан юм. Тиймдээ ч барилдаан хамгийн сүүлд болсон. Харин нэвтрүүлгийн өмнөх уулзалтын үеэр Асашёорюү аваргын зургийг урж, дүрсгүйтсэн Боб Сапп энэ удаа түүнд хангалттай өрсөлдөөн үзүүлж чадалгүй арван секунд ч хүрэхгүй хугацаанд ялагдсан юм.
Мөн масктай оролцогч хүчтэй өрсөлдөөн үзүүлэхийг хичээж, хоёр минут орчим тэмцэлдсэний эцэст ялагдсан юм.
Д.Дагвадорж “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн ялагч болсныхоо дараа сэтгэгдлээ ийн хуваалцсаныг хүргэе.
-Ирж байгаа 2018 онд Төрийн түшээд минь эх орноо бодсон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй нь. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа. Сэтгэлд уяатай явсан бодлоо биелүүллээ. Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна. Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажилаа сайн хийж, эх орон руугаа хөгжлийг авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцсан байх. Сэтгэл үнэхээр сайхан байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа. Мөн сүмо бөхийн тэмцэл, Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү асуудал. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна. Монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе. Улс оронд минь илүү их хөгжил, илүү их эв нэгдэл, илүү их хүсэл зорилго нэгдсэн жил болоосой. Шинэ жилийн баярын өдрөөр та бүхэнтэйгээ нэгэн нэвтрүүлгээр уулзаж, эрч хүч бэлэглэсэн байх гэдэгтээ итгэж байна.
Д.Дагвадорж: Сүмогийн тэмцэл, Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг энэ барилдаан харуулсан болов уу | ||
Үзсэн: 2471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.